Ерөнхий сайдын “ХЭМНЭХ” тогтоолыг “үл тоож” Монголбанк 62 сая төгрөгөөр уран зураг зэргийг худалдан авчээ

Ерөнхий сайдын “ХЭМНЭХ” тогтоолыг “үл тоож” Монголбанк 62 сая төгрөгөөр уран зураг зэргийг худалдан авчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оныг дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх Засгийн газрын 43-р тогтоолыг баталсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авахыг даалгасан тогтоол юм.

Тодруулбал, тогтоолын 1.4-д  “үр ашиггүй зардлыг бууруулж шинээр автомашин, фитнес, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх. Албан бичиг хэрэг хөтлөлтөд бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах” гэсэн байдаг. Гэвч Ерөнхий сайдын тогтоол хий хоосон өнгөрч, хэрэгжихгүй байгаа нь хэд хэдэн жишээгээр нотлогдож байна.

Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд л Батлан хамгаалахын яам “2021 онд худалдан авах шагнал, бэлэг дурсгалын эд зүйлс” буюу 200 сая төгрөгийн төсөв бүхий тендер зарласан талаар бид мэдээлж байв. Энэ нь 43-р тогтоолын 1.3 “цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зардлыг гаргахгүй байх” гэсэн заалттай харшилж байгаа юм.

Тэгвэл Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй байгаагийн өөр нэгэн жишээг энд өгүүлье.

Монголбанк Ерөнхий сайдын хэмнэх тогтоол батлагдсанаас хойш гурван удаа уран зураг авч, тавилгаа шинэчилжээ. Тодруулбал, Монгол банк

  • 2021.03.29-2021.04.02-ны хооронд 15 сая төгрөгөөр “Уран зураг”,
  • Мөн 2021.05.03-2021.05.07 11 болон 13 сая төгрөгийн тус бүр үнэтэй хоёр ширхэг тосон уран зураг худалдан авчээ/нийт 24 сая төгрөгөөр/.

Үүгээр зогссонгүй өнгөрсөн сард/2021.05.17-2021.05.21/ 23 сая төгрөгийн өртөг бүхий гал тогооны тавилга, эд хогшил худалдан авсан байна. Гэвч энэ нь дээд дурдсанчлан тогтоолын  “албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх” гэсэн хэсэгтэй харшилж байгаа юм.