Улаанбаатар-Өлгий чиглэлд нислэг үйлддэг «Хүннү эйр» компанийн нислэг энэ сарын 10-наас 15-ны хооронд түр саатжээ.
Нислэг саатсан шалтгаан нь наймдугаар сарын 11-наас 13-нд тохиосон ислам шашинтнуудын ариун Хурбаан айт баярын үеэр их хэмжээгээр мал нядалснаас шувууны бөөгнөрөл үүссэнтэй холбоотой аж.
“Улаанбаатар-Өлгий чиглэлд нислэг үйлддэг “Аэромонголиа” компанийн онгоц өглөө эрт буудаг тул хүндрэл гараагүй. Харин үдээс хойш буух хуваарьтай “Хүннү эйр” компанийн онгоц тухайн хугацаанд аюулгүй байдлыг хангах үүднээс Ховд хотод буужээ.
Баян-Өлгий аймгийн зорчигчдыг Ховд хүртэл автоусаар хүргэж, Улаанбаатараас ирсэн зорчигчдыг тосож авч байлаа. Харин 16-наас нислэг хэвийн үргэлжилсэн” гэж Өлгий нисэх буудлын нислэгийн ахлах удирдагч Ө.Абай хэллээ.
Хурбаан айт баяраас өмнө орон нутгийн болон нисэх буудлын удирдлага нислэгийн аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийж, бүх малыг битүү, зориулалтын байранд нядлах, хаягдлыг нь хогийн цэгт булах арга хэмжээ авахуулжээ. Гэвч хогийн цэг Өлгий хотод маш ойрхон байрлаж байгаа нь шувуу бөөгнөрөх шалтгаан болж хүндрэл учруулжээ.
Холбогдох стандартын дагуу хогийн цэг онгоцны буудлаас 15 км-ээс хол байрлах ёстой тул уг асуудлыг шийдвэрлэх саналаа аймгийн удирдлагуудад хүргүүлээд байгаа гэдгийг тэрээр онцлов.