ТОДРУУЛГА: Ногооны талбайд усалгаа хийж байгаад гэнэт л бие нь сулраад газар унасан гэсэн

ТОДРУУЛГА: Ногооны талбайд усалгаа хийж байгаад гэнэт л бие нь сулраад газар унасан гэсэн

Энэ сарын 06-нд /2021.06.06/ Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах ногооны талбайд ажиллаж байсан Зэвсэгт хүчний 327-р ангийн байлдагч Б.Б ухаан алдсан тухай дуудлагыг тухайн өдрийн 15:37 цагт тус аймгийн эмнэлэг, цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна.

Ингээд дуудлагын дагуу холбогдох албаныхан шалгахад байлдагч ил харагдах шарх, сорвигүй нас барсан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Иймд бид хэрэг явдал юу болсон талаар олон талын эх сурвалжаас тодруулж дараах мэдээллийг бэлтгэлээ.

-ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНТАЙ, ЭМНЭЛЭГТ ОЧООД НАС БАРСАН-

Байлдагч Б.Б нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат бөгөөд 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар, өнгөрөгч аравдугаар сард Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний 327-р ангид татагдан ирсэн байжээ. Талийгаачийн ар гэрийнхэн нь хэвлэлд өгсөн тайлбартаа, “Хүү минь цэрэгт явснаас хойш ганц ч удаа бие нь өвдсөн, цэргийнхэн дарамталдаг тухай хэлж байгаагүй. Задлан шинжилгээний хариугаар гаднын ямар нэгэн нөлөөгүй гэж гарсан. Хүү минь яагаад амиа алдсан талаар бидэнд тодорхой мэдээлэл хэн ч өгөөгүй байна ” гэжээ.

Харин ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр, “Сүхбаатар аймгаас өнгөрсөн аравдугаар сард татагдсан, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач Б.Б үдийн хоолонд орсны дараа биеийн байдал нь эрс муудсан. Ингээд эмнэлэгт очоод байхдаа нас барсан байна. Урьдчилсан байдлаар эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан гэх дүгнэлт гараад байна. Цагдаа болон эмнэлгийн байгууллага эцсийн дүгнэлт гаргана. Тухайн цэргийн ангид цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж байна. Ямар нэгэн зөрчил гарсан байвал бид ил тод нээлттэйгээр мэдээлэх болно. Талийгаачийн ар гэрт энэ тухай мэдээллийг хүргэсэнгэсэн юм.

-НОГОО УСАЛЖ ЗОГСОЖ БАЙГААД ГЭНЭТ Л “НАВС” ГЭЭД ГАЗАРТ УНАСАН ГЭСЭН-

Иймд бид хэрэг явдлын талаар албан бус эх сурвалжуудаас тодруулахад,  Байлдагч Б.Б-ын биеийн байдал үдийн хоолны дараа гэнэт муудаж эхэлсэн гэдэг. Дараа нь хэдэн цэргүүдийн хамт ээлжийн хуваарьт заасны дагуу цэргийн ангийнхаа ногооны талбайд өөрсдийн хүнсэнд хэрэглэх ногоогоо усалж байсан байгаа юм. Гэтэл энэ үеэр талийгаач гэнэт л бие нь сулраад, газарт “навс” гээд унасан гэж хүмүүс ярьж байна. Ингээд л ангийн алба хаагчид нь сандарч, эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн юм уу даа. Хэрэг явдал болсон өдөр Хэрлэн суманд 27 хэмийн дулаан байсан. Энэ зэргийн халуунд залуу хүүхэд наршаад, унамааргүй юм. Бас ногооны талбайд усалгаа хийхэд нээх уддаггүй гэх юм билээ” гэсэн юм.

Мөн байлдагч Б.Б-ын аав хэрэг явдлын дараа Хэрлэн суманд очиж, цэргийн ангийн удирдлага болон хуулийн байгууллагын алба хаагчидтай уулзсан байна. Ингээд талийгаачийн биед задлан шинжилгээ хийсний дараа буюу өчигдөр /2021.06.08/ цогцсыг Сүхбаатар аймаг руу авч явжээ. Харин бид тус хэрэг явдлын талаар Зэвсэгт хүчний 327-р ангиас тодруулах гэсэн боловч, “Хуулийн байгууллага шалгаж байна. Гадагш мэдээлэл өгөх хориотой” гэсэн юм.