Дарга нар тууз хайчилж, сүр дуулиантай нээсэн Цагаан хадны PCR шинжилгээний лаборатори ажиллахаа больж, эвдэрчээ

Дарга нар тууз хайчилж, сүр дуулиантай нээсэн Цагаан хадны PCR шинжилгээний лаборатори ажиллахаа больж, эвдэрчээ

“Гашуун сухайт” боомт, Цагаан хад суурьшлын бүсэд PCR шинжилгээний иж бүрэн лабораторийг байгуулж ашиглалтад орууллаа хэмээн сүр, дуулиан болж байв. Тэр нь ердөө ганц сар гаруйн өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны /2021.04.28/ өдөр болсон үйл явдал.

Тухайн үед Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж лабораторийн нээлтэд оролцож тууз хайчилж, үг хэлэхдээ “Ихэд баяртай байгаагаа” уламжилсан байдаг. Уг лабораторийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэмжлэг, “Ико Медикал” ХХК-ийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд нүүрс тээврийн жолооч нараас гадна Өмнөговь аймгийн зүүн бүсийн таван сумын иргэд шинжилгээ өгөх орчин, нөхцлөөр хангагдаж байна хэмээн рекламдсан.

БИЧЛЭГ:

Гэтэл байгуулаад удаагүй тус лаборатори өнөөдөр ажиллахаа болсон гэж нүүрс тээврийн жолооч нар гомдоллож байна. Тэр бүү хэл байгуулагдсаныхаа маргаашнаас л ажиллахаа больсон гэх. Чухам юу нь эвдэрсэн тухай мэдээлэл тэдэнд өгөөгүй бөгөөд шинжилгээний хариу гаргадаг сорьц нь дууссан байж магадгүй гэх таамагтай байгаа аж.

Үүний үр дагаварт нүүрс тээврийн жолооч нар БНХАУ-ын Ганц модны боомт руу нэвтэрсний дараа шинжилгээ өгч байгаа аж.

Тодруулбал, БНХАУ-д шинжилгээ өгч байна гэсэн. Гэтэл саяхан тэнд шинжилгээ өгсөн монгол жолоочоос коронавирус илэрч нөхцөл байдал хүндэрсэн байна. БНХАУ-ын тал сандарч болгоомжлон татан авалтаа багасгасан ба өчигдөр гэхэд 140 гаруй машиныг хилээрээ нэвтрүүлжээ. Цаашлаад нэг бус нэлээн хэдэн жолоочоос нэмж коронавирус илэрсэн гэх албан бус мэдээлэл ч байна. Үүнээс болж Тавантолгойгоос хил хүртэл урт дугаарлалт үүсч жолооч нар машиндаа олон хонож Цагаан хад суурьшлын бүсээс нүүрс ачигдаж чадахгүй хураагдсан байна.

Зөвхөн Хятад компанийн 10 сая тонн нүүрс тэнд хураалгаастай байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Хамгийн ноцтой нь манай улсын эдийн засгийн гол хүч, төсвийн бүрдүүлэгч нүүрсний экспорт тасалдах аюултай болж байна. Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Сэддорж болон бусад удирдлагууд санаачилгатай байж сорьцоо авах, лабораторийн эвдрэлийг яаралтай засах, Эрүүл мэндийн яамнаас арга зүйн зөвлөгөө, тусламж авах, шинжилгээ авах ажилчин, хүний нөөцийг яаралтай бэлдээчээ. Сэргэлэн, санаачилгатай, хурдтай байгаачээ. Тэгэхгүй бол Монгол улсын нүүрсний экспортоос бүрдүүлэх төсвийн орлого тасалдах аюултай байна шүү.

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД: ТАНЫ ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА. ӨМНӨГОВЬ, ЦАГААН ХАДЫГ ЭЗЭНТЭЙ БОЛГООЧ-

Өнгөрсөн сарын 07-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг хилийн бүс орчимд ажилласан. Тэрбээр энэ үеэрээ цар тахлын улмаас улсын хилээр нэвтэрсэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар буурсан. Тиймээс экспортыг нэмэхийн тулд энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдыг дархлаажуулалтад идэвхтэй хамруулах ёстой. PCR аппарат нийлүүлж, уртын болон богинын тээврийн хэрэгслийг холилдуулахгүй байх үүднээс хязгаарлалтын зурвас үүсгэн дотоодын цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгаа гэсэн.

Мөн цаашид Өмнөговь, Дорноговь аймагт хэрэгцээтэй байгаа вакциныг богино хугацаанд нийлүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн сайдад, Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэх шуурхай ажил өрнүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болгосон. Ингэснээр дээрх хоёр аймаг Ногоон бүс болж, энэ хэрээр экспорт хэвийн болох боломжтой гэж Ерөнхий сайд үзэж буйгаа илэрхийлсэн.

Гэтэл Ерөнхий сайд яваад л маргаашаас нь бүх зүйл бахь байдгаараа, юун ногоон бүс, юун жолооч нар холилдохгүй байх. Тухайлбал, өнөөдөр уртын жолооч нар Цагаан хадны наад талын пост хүртэл машинтай очоод түүнээс цааш үүргэвчээ үүрээд алхаад орчихдог гэх. Мөн посттой ойрхон малчин жолооч нарыг 200 мянган төгрөгөөр Цагаан хад руу мотоциклоор зөөж байгаа аж. Хотоос жолооч нар очиж энэ замаар Цагаан хаданд очиж богины тээвэрт явж байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Үүнд хяналт тавьж буй нэг ч хүн үгүй. Цагаан хад хөл толгой нь мэдэгдэхгүй замбараагүй бөгөөд тэнд коронавирус илэрсээр байтал шинжилгээний лаборатори ч үгүй, шинжилгээ авах мэргэжилтэн ч байхгүй, хяналт тавьж зохицууулж буй эзэн ч үгүй болжээ.