Д.Бат-Эрдэнэ: “Мөнгө тараасан” гэх асуудлыг шалгахад хуурамч дуудлага байсан

Д.Бат-Эрдэнэ: “Мөнгө тараасан” гэх асуудлыг шалгахад хуурамч дуудлага байсан

Сонгуулийн явцад илэрсэн зөрчил, ирсэн гомдлын мэдээллийг СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ танилцуулаа.

Тэрбээр “Мөнгө тараахтай холбоотой асуудлын тухайд “Гомдол мэдээллийг эхний ээлжид нягталж шалгах шаардлагатай. Уг асуудлаар би Ардчилсан намын хуулийн багтай холбогдсон. Үүний дагуу гомдол мэдээллийг шалгаад үзэхэд хуурамч дуудлага байна гэх мэдээллийг өгсөн байсан. Дахин хэлэхэд хэсэг дээр ажиллаж байгаа ажиглагч нар намынхаа штаб руу эсвэл хуулийн байгууллагад гомдол гаргахдаа мэдээллээ нягтлах хэрэгтэй” гэв.

Мөн “Сонгогч саналаа тэмдэглэсэн эсхүл саналын хуудасныхаа зургийг бусдад харуулах болон зургийг нь авах, дүрс бичлэг хийхийг нь хуулиар хориглож байгаа. Хэрэв энэ зөрчил нь тогтоогдох юм бол 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хууль дээр бий. Энэ бол бусад торгуультай харьцуулбал өндөр хэмжээний торгууль тул иргэд сонгогчид анхааралтай хандаарай” гэлээ.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 25,26-р хорооны санал авах байранд саналын хуудсыг дугаарласан гэх дуудлага ирсэн. Энэ талаар тэрбээр

"Саналын хуудас дээр ямар нэгэн дугаарлалт тавигдах ёсгүй. Зөвхөн тухайн хэсгийн хорооны дугаар л байх ёстой. Гэтэл тухайн хэсгийн хорооны ажилтан тухайн хуудас дээр харандаагаар архивын нэгжлэг 1,2,3,4… гэх байдлаар дугаарлалт хийсэн байсан. Уг асуудал гарсан даруйд шалгуулаад, тэр үед нь бүх харандаагаар бичсэн тэмдэглэгээг нь арилгасан.

Саналын хуудас дээр тэмдэглэгээ хийлгэдэггүйн учир нь сонсгогчийн саналыг нууцаар харах эрхэд нь халдахгүй байх эрхтэй нь шууд холбоотой" гэв.