АЛГА БОЛСОН БҮСГҮЙН АХ: Дүүгээ алга болсны дараа цагдаагийн газар очтол хувцас хараад л биднийг хөөчихсөн

АЛГА БОЛСОН БҮСГҮЙН АХ: Дүүгээ алга болсны дараа цагдаагийн газар очтол хувцас хараад л биднийг хөөчихсөн

Ганчимэгийн Үүрийнтуяа 31 настай. Тэрбээр тавдугаар сарын 26-ны өдөр /2021.05.26/ өглөө Сонгино-хайрхан дүүргийн 31-р хороо Хайрхан ... тоот дахь гэрээсээ ажилдаа явахаар гарсан ч сураггүй алга болсон ба энэ талаар бид өмнө нь түүний авга ахтай нь холбогдон ярилцаж байсан билээ.

Тэгвэл бид тухайн өдөр чухам юу болсныг мэдэхээр Г.Үүрийнтуяагийн гэрийг зорьсон юм. Биднийг очиход Г.Үүрийнтуяагийн нагац эгч нь нөхөртэйгөө угтлаа.  Хашаанд хоёр гэр байх бөгөөд урд талын гэрт нь алга болсон бүсгүй амьдардаг аж. “Эхнэр маань хэл ярианы бэрхшээлтэй, үе үе таталт өгдөг учраас яриа өгөхөд хүндрэлтэй” хэмээн түүний нөхөр Д.Өлзийсайхан бидэнтэй ярилцав.

Д.Өлзийсайханы хэлснээр, “Бид  хэд хэдэн жилийн зайтай аав, ээж, дүүгээ алдсан юм. Хадам аав нас бараад жил ч болоогүй байна. Тэгсэн ч дүү маань амьдралын төлөө зүтгэдэг, хичээнгүй хөдөлмөрч хүүхэд байсан. Архи дарс, тамхи гэх юмнаас хол найз нөхөд гэх ч хүнгүй байсан. Манай хашаанд амьдраад жил болж байна. Энэ хугацаанд  “Тэди” төвийн ойролцоох цайны газарт угаагч хийдэг байсан.  Ажлаа нэг ч удаа тасалж байгаагүй. Өглөө гараад л орой ирдэг. Хэрвээ бүр оройтохоор бол авга ахындаа очиж хонодог байсан. Хонохдоо заавал бидэн рүү утастаж хэлдэг.

Харин энэ тавдугаар сарын 17-ны өдөр /2021.05.17/ өглөө ажил руугаа явна гээд 09.00 цагт гарч явсан. Тэр өдрөө дарга руугаа очиж байна гэж хэлсэн байгаа юм. Ингээд л сураггүй болчихсон. Утас нь унтраастай. Бид хэд хоног харсан л даа. Залуу хүүхэд алийг тэр гэхэв гэж бодоод харзнаж байсан ч хэд хоног өнгөрөхөд сэтгэл зовж эхэлсэн.

Тэгээд л шууд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр очиж, өргөдөл өгөх гэсэн боловч хувцаснаас эхэлж хараад л шууд биднийг хөөчихсөн.

Учир явдлаа хэлж хаана хандах ёстойгоо асуухад “дээш нь гаргахгүй” гэж тээршаасан маягтай бидэнтэй харьцсан. Бид ч гэсэн Монгол улсын иргэн, нэг хэсэг нь. Эрхээ эдлэх ёстой иргэн хүн шүү дээ. Бүхэл бүтэн хүн алга болчхоод байхад ялгаварлаж хандаж байгаа нь үнэндээ гомдмоор санагдаж байна” гэсэн юм.




Өнөөдөр үхэр өдөр

5 минутын өмнө