Ковидын хуулийг хэлэлцэхийг дэмжиж байнгын хороонд шилжүүллээ

Ковидын хуулийг хэлэлцэхийг дэмжиж байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын чуулганаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 64.4 хувь дэмжиж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд энэ хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: Цар тахалтай нүүр тулаад хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд 111 мянга гаруй иргэн халдвар авч, 533 иргэн халдварын улмаас амиа алдаад байна. УИХ 2020 дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан. 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр 2021 оны нэгдүгээр сарын 29-ий өдөр хуульд тус, тус нэмэлт өөрчлөлт оруулан хуулийн үйлчлэлийг удаа дараа сунгасан. Өнөөдрийг хүртэл хуулийн хэрэгжилтийн үр дүн хангалтгүй байгаа бөгөөд УИХ дахь олонхийн бүлэг Засгийн газар, Улсын Онцгой комиссын төлөвлөгөө оновчгүй, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээгээ эрэмбэлээгүй зэрэг нь өнөөгийн хүнд нөхцөл рүү оруулах үндсэн шалтгаан гэж дүгнэж байна. Хоёр жилийн хугацаанд хоёр Засгийн газар дамжин нийтдээ 15.1 их наяд төгрөг зарцуулсан хэдий ч цар тахалтай тэмцэх ажил үр дүн муутай. Энэ хуулиар далимдуулан хэсэг бүлэг хүмүүс төсөв, санхүү, зээл тусламжаар мөнгө завшиж үр дүнгүй зарцуулсаар байна. Энэ нь өнөөдрийн нөхцөл байдлаар илэрч байна. Халдварын тархалт хяналтаас гарах хэмжээнд хүрч, хүчин мөхөсдөхөд ойрхон байна. Удаа дараа тогтоосон хөл хорионы улмаас олон мянган бизнес хаалгаа барьж, иргэд ажлын байраа алдаж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь ард иргэдийн амьдралд хүндээр тусч эхэллээ. Халдварын тоо сүүлийн нэг сарын хугацаанд огцом өсч байгаатай зэрэгцэн халдварыг оношлох PCR төлбөртэй болж, эмнэлгийг ор олдохгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна.

Монгол Улс хилээ нээсэн ч дэлхийн 78 орон монголоос жуулчин авахгүй гэдгээ зарлаж, 112 орон хязгаарлалт тогтоосон мэдээ байна. Гадаадын нэр хүндтэй хэвлэлүүд 2021 оны зургадугаар сарын 22-нд "Вакцинжуулалтаар тэргүүлж буй арван орноос хүн амынхаа 50-68 хувийг вакцинжуулсан дөрвөн улсын нэгээр Монгол Улс тодорсон. Гэсэн хэдий ч вакцинжуулалт үр дүн муутай.Хүн амтай харьцуулахад халдварын тархалт нас баралт хамгийн их байгаа орон" гэдгийг онцолжээ. Засгийн газар, УОК-оос тавьсан шаардлагыг бүрэн хэрэгжүүлсэн ч халдварын тархалт буурсангүй. Халдварын улмаас нас барсан иргэдийнхээ араас зул өргөж буй иргэдийн эрх чөлөөнд халдаж хууль хүчний байгууллагуудаар далайлгаж байгааг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Covid-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг дараах санал, дүгнэлтийг гаргаж байна.

  • УИХ ажлаа хийж цар тахалтай тэмцэх бодлого, чиглэлийг хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу гартаа авах хэрэгтэй байна. Одон медалийн нимгэн зузааныг чуулганы танхимд хэлэлцэх атлаа улс орныг нөмөрсөн цар тахлыг хэлэлцэн шийдвэрлэхгүй. Онцгой эрхээ хүртэл шилжүүлж байгаа УИХ-ын гишүүд та бид үүссэн нөхцөл байдалд буруутай. Цаашид шаардлагатай тохиолдолд Гамшгийн тухай хуулийн хүрээнд эсхүл Онц байдал зарлан цар тахалтай тэмцэх хэрэгтэй.
  • Төрийн бүх шатны байгууллагууд энэ хуулиар далимдуулан төрийн албанд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр томилгоо хийж, дарга эрх мэдэлтний шахаасаар танил талаа томилж байгааг зогсоох.
  • Тус хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зарцуулах харилцааг тусгайлсан хуулийн хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэх.
  • Засгийн газар хил боомтын харилцааг зохицуулахдаа түр хугацаанд хэрэгжих хуулиар бус байнгын зохицуулалттай хуулийн хүрээнд зохицуулах.