Ц.Оюунгэрэл: Цацраг идэвхит үүл Монголыг дайраад өнгөрсөн байх магадлалтай

Ц.Оюунгэрэл: Цацраг идэвхит үүл Монголыг дайраад өнгөрсөн байх магадлалтай

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Монгол руу цацраг идэвхит үүл орж ирээд байгаа юм биш үү. Үүнийг хянаж буй газар байна уу. Цөмийн мэргэжилтнүүд  мэдээлэл өгөхгүй юм уу. Ядахдаа хэзээ, хэдэн өдрийн турш хаагуур дайрсан. Гадуур явахдаа юуг анхаарах, хүүхдээ яаж хамгаалах талаар мэдээлэл хэрэгтэй байх юм. Газрын зургаас харахад Монгол улс цацраг идэвхид үүлний нөлөөнд орсон байна. Манай хяналтынхан таг. Ядахдаа сэрэмжлүүлэг хэрэгтэй байна” хэмээн бичсэн.

Тэрбээр дэлхийн томоохон хэвлэлүүд болох CNN, MSNBC-ийн мэдээнд үндэслэн дээрх мэдээллийг өгч байгаагаа сануулсан байв. Бид УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй холбогдож дээрх мэдээлэлтэй холбоотой зарим асуултад хариулт авлаа.

-Манай улсад цацраг идэвхтэй үүл орж ирсэн тухай мэдээллийг анх та хаанаас авсан бэ?

-Дэлхийн бүхий л хэвлэлээр ярьж, бичиж байна. Томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлэл гарсан. Юу гэж бичсэн бэ гэхээр, Монгол руу цацраг идэвхит үүл орж ирсэн гэж бичээгүй харин орж ирэх магадлалтай талаар үүлний моделийг нь зурж харуулсан байсан. Үүлний хөдөлгөөний моделийг нь харвал Монгол улс дээгүүр явж байгаа юм. Монгол улсын дээгүүр өнгөрч БНХАУ руу орж буй модель байсан. Үүл орж ирсэн эсэх болон ирэх гэж буй талаар мэдэж буй хүн байна уу гэж би асууж байгаа юм.

Болоод өнгөрсөн бол яах вэ. Бараг гурав, дөрвөн хоногийн өмнө цацраг идэвх үүл дайраад өнгөрсөн байж магадгүй л юм байна лээ. Манайхан хэмжилт хийдэг бол түүнийгээ мэдэгдэх ёстой. Цацраг идэвхит үүл ирж буй талаар мэдээлээд байхад бидэнд урьдчилсан сэргийлэх заавар зөвлөмж өгдөггүйд гайхаад байна. 

-Манай улс хэмжилт хийдэг. Хэмжилтээр ямар нэгэн ноцтой зүйл ажиглагдвал мэдээлэл өгмөөр юм?

-Өчигдөр намайг энэ талаар бичсэний дараа зарим цөмийн физикч нар өөрсдийн цахим хуудаст  мэдээлэл бичсэн байна лээ. Өнөөдөр А.Ундраа гишүүн нийтэд мэдээлэл өгнө гэсэн. Хилийн дагуу цацраг хэмжигч байх ёстой. Тэр дохиолол ажилласан, мэдээлэл авсан эсэх нь тодорхойгүй байна. Дээр, дооргүй яагаад таг  дуугүй байгаад гайхаад байна. Монгол улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Цөмийн хяналтын комисс ажилладаг шүү дээ.

Харин цөмийн физикч, доктор, УИХ-ын гишүүн А.Ундраа одоогоор муу мэдээлэлгүй гэж мэдэгдээд өнөөдөр цацраг идэвхийн талаарх мэдээллийг олон нийтэд өгнө гэсэн юм.

Бид мөн энэ талаар ЦУОШГ-аас тодруулахад "Хилийн зурваст цацраг хэмждэг суурин харуул төхөөрөмжүүд бий. Зохих түвшнээс хэтэрсэн үзүүлэлт заагаагүй" гэлээ. 

Харин Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр "2019 оны 8-р сарын 8 –ны өдөр ОХУ-ын Архангельск мужийн Нёнокса суурины ойролцоо болсон ослоос үүдэлтэй хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл ихээхэн цацагдаж байгаа ч албан ёсны эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн бүс нутгийн цацрагийн хэмжээ хэвийн байгаа ажээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.