“Эхнэрийн урхи” киноны Үнжэ, Авга нарт дуу оруулсан жүжигчин Б.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа

“Эхнэрийн урхи” киноны Үнжэ, Авга нарт дуу оруулсан жүжигчин Б.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа

Уншигч та бүхэнтэйгээ энэ удаа бид “UBS” телевизийн дуу оруулагч жүжигчин Б.Мөнгөнцэцэгийг уулзуулж байна.

Өдөр бүр бидний хойморт дуу хоолойгоороо “залардаг” энэ бүсгүйтэй ярилцахад саяхан л уулзсан танилтайгаа ярилцах мэт дотно сэтгэгдэл төрүүлж байв. Тэрээр 11 жил дуу оруулагч жүжигчнээр ажиллахдаа 5000 гаруй кинонд дуу оруулж байсан гэх бөгөөд бид эдгээр олон киноноос зөвхөн “Эхнэрийн урхи” гэж Монголын үзэгчдийг талцуулж, инээлгэж, уурлуулж басхүү баясгаж чадсан киног нь онцлон ярилцав. Бидний “үзнэ, үзэхгүй” гэж хоёр хуваалдан ярилцах уг Солонгос киноны цаана сэтгэлд хоногштол дуу оруулсан Монгол уран бүтээлчид буйг, тэд хэрхэн хөдөлмөрлөж, хэрхэн ажилладаг болох тухай мартаж боломгүй. Б.Мөнгөнцэцэг зөвхөн кинонд дуу оруулаад зогсохгүй, бидний мэдэх “Найрсаг Улаанбаатар”, Мами Поко, Сваровский гэх мэт олон реклам сурталчилгааны текстийг уншсан уянгалаг хоолойт бүсгүй юм.

Дуу оруулагч жүжигчин Б.Мөнгөнцэцэг:

-ОЮУТАН БАЙХДАА “UBS” ТЕЛЕВИЗИЙН ШАЛГАРУУЛАЛТАНД
ОРЖ ТЭНЦЭЖ БАЙВ-

-Ярилцлагын урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Юуны өмнө уншигчдад маань та өөрийгөө танилцуулна уу?

-Маш олон сайн дуу оруулагч жүжигчид байдаг. Тэр дундаас намайг онцлон сонгож, ярилцахаар урилга ирүүлсэн танай хамт олонд баярлалаа. Намайг Болоожийн Мөнгөнцэцэг гэдэг. “UBS” телевизэд 2008 онд дуу оруулагч жүжигчнээр ажилд ороод 11 жил ажилласан. Би 2005 онд Радио телевизийн дээд сургуулийн жүжигчин хөтлөгчийн ангид элсэж 2009 онд төгссөн. Гэхдээ оюутан байхдаа “UBS” телевизэд орсон.

-Жүжигчин хөтлөгч мэргэжилтэй та дуу оруулагчаар мэргэших болсон шалтгаан, хэрхэн энэ ажилд орж байсан 11 жилийн өмнөх түүхээсээ хуваалцвал?

-Маш сайхан асуулт байна. Кинонд дуу оруулагч заавал жүжигчин мэргэжилтэй байх ёстой. Би энэ мэргэжлээ зургаан настай байхдаа л сонгочихсон. Жаахан байхдаа телевизийн кинонд дуу оруулж байгаа жүжигчдийг хараад л, сонсоод л, дуурайж хэлээд л, дуулдаг, бүжиглэдэг, шүлэг уншдаг гээд л жүжигчин болох, дуу хоолойтой холбоотой ажил хийнэ гэдгээ зургаан настайдаа л мэдэрсэн. Ингээд 2005 онд хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Радио телевизийн сургуульд элсэн орж, гуравдугаар курст байхдаа уг телевзид кинонд дуу оруулагч жүжигчин ажилд авна гэсэн зарын дагуу орж байлаа. Эхлээд сургууль дээрээ өлгөчихсөн зарыг хараад ангийнхаа хүүхдүүдтэй ярилцаж байгаад аль телевиз болохыг нь утасдаж асуулаа. Гэтэл “UBS” телевиз гэж байна. Тэгээд л бид “Заза, тэр том телевизэд бид яаж орж чадах билээ дээ, яаж биднийг авах вэ дээ” гэж хэсэг айснаа оюутан улс өөрсдийгөө сорьж үзэх хэрэгтэй, шалгаж үзэх хэрэгтэй гэж шийдэн шалгуулсан. Шалгаруулалтанд очихдоо тухайн үед хүмүүсийн их үздэг байсан “Хоёр Таня” кинонд дуу оруулагч жүжигчид дуу оруулж байгааг хараад үнэхээр гайхсан. Дүрдээ орж байгаа байдал, мэдрэмж, багаар ажиллаж байгаа ажиллагаа, бие биенээ хүндэлж буй хандлага гээд л тэр бүхнээс нь сүрдэж, энэ мэргэжилд улам илүү татагдсан. Ингээд шалгаруулалтаа өгөөд явсан ч тэнцэнэ гэдэгтээ итгээгүй. Харин нэг өдөр Т.Түдэвдорж ах маань “UBS телевизээс ярьж байна” гэж залгаад кинонд дуу оруулахад дагалдах уу, дуу хоолойны чинь өнгө таалагдсан гэж хэлдэг юм. Энэ хариуг сонсоод би маш их баярласан.

-Шалгаруулалтанд тэнцэхэд таны давуу тал юу байсан гэж бодож байна вэ?

-Би өмнө нь фм-д хөтлөгч хийдэг байсан. Тэгэхээр дуу хоолойны минь өнгө илүүтэй тогтчихсон, аль өнгөнөөс дуу хоолой минь тод бөгөөд цээл гардаг гээд тодорхой хэмжээнд мэдэрчихсэн, ойлголттой байсан. Ингээд гурван сарын хугацаанд дагалдан хийв ээ. Энэ гурван сард кофе, цайнд гүйхээс эхлээд үндсэн ажлуудаа их хийж, хүмүүсийн зараалд гүйдэг байв. Мөн кинонд хальт орж гарсан эмэгтэйчүүдийн “Сайн байна уу”, “Баяртай” гэх мэт үгсийг хэлчихээд л бөөн баяр болно, өдөржин текст уншиж давтана. Бидэнд “Эхний ээлжинд та нар сайтар цагаашрах хэрэгтэй, ямар ч текстийг аль ч өнцгөөс нь хараад уншчихдаг мундаг болох хэрэгтэй” гэнэ. Гурван сар өнгөрөхөд би нэг дүр дээр ажиллах болов, гэтэл түүнийгээ уншиж амьдруулж чаддаггүй. Найруулагч ах маань ч намайг их загнана. Ер нь жүжигчин болох гэж буй хүүхдүүд бүгд л ингэж загнуулдаг ч “Би чадахгүй болоод л намайг ингэж загнаж байгаа юм байна” гэдэг ойлголт толгойд суучихсан. Үүндээ жаахан гутраад “За ахаа, би чадахгүй юм шиг байна, цаашид өөр юм хийж явах хэрэгтэй юм шиг байна” гэж найруулагчдаа хэлэв. Гэтэл н.Түдэвдорж найруулагч намайг ахиад л загнаж “Чи гурван сар дагалдаж, ингэж их юм сурчихаад юу яриад байгаа юм, орж тэр гол дүр унш” гээд л оруулчихсан. Би ч гол дүр унших гэж байгаадаа итгэж өгөхгүй орж байлаа. Оюунцэцэг, Энхтуяа, Батболд, Мөнхсайхан гэж дандаа мундаг хүмүүсийн хажууд би гол дүр унших гэж суухад салгалаад айж байсан ч надад хүлээлгэсэн итгэлийг нь хөсөрдүүлэхгүй гэж их хичээж байсан минь санагддаг. Мөөгий эгч тэр үед айж сандарсан надад “Болж байна шүү, миний дүү” гэж урам өгч байсан нь их дэм болж байлаа. Ингэж л анх UBS телевизэд орж байлаа.

-“Эхнэрийн урхи” нэртэй олон ангид кинонд та хэзээ дуу оруулж байсан юм бэ?

-Энэ явдлаас хойш нэг их удалхгүй буюу дөрвөн сарын дараа “Эхнэрийн урхи” кинонд дуу оруулж байсан. Тийм ч их туршлагажаагүй байхдаа дуу оруулж байлаа.

-Та ямар ямар дүрүүдэд нь дуу оруулж байв аа?

-Гол дүрийн Үнжэ, Авга, Сува, Шүбин буюу Губины дүү охин мөн Мину гэж Шин Эригийн хүүхэд гэх мэт тав, зургаан дүрд дуу оруулсан.   

-Камерын өмнө болоод тайзан дээр жүжиглэж буй жүжигчидтэй харьцуулахад дуу оруулагч жүжигчин биеийн хэлэмж хийдэггүй, ширээний ард суугаад л тухайн үйл явдалд оролцож буй мэтээр жүжиглэж байдаг нь онцлог нь мэт. Дуу оруулагч жүжигчин мэргэжлийн энэ мэт онцлогоос та дурьдахгүй юу?

-Яг зөв. Дуу оруулалтыг яагаад жүжигчин хүн хийдэг гэхээр тэдний дотоод “тэш”, жүжигчний дуу хоолойны өнгө, жүжиглэлт, дикц, “дотор”-той байх зэрэг жүжигчний бүх л чадварууд явж байдаг ч ганц биеийн үйл хөдлөл байдаггүй. Сайн, муу хоёр тал бий.

Дуу оруулагч жүжигчний онцлог нь тухайн жүжиглэчихсэн дүрийг судлаад, хараад, тэр дүрээр юу илэрхийлэх гээд байгааг ойлгоод, мэдрээд, тархиндаа тухайн текстийг ойлгож боловсруулж, зүрхэндээ буулгаад, дуу хоолойныхоо өнгөөр илэрхийлж гаргаж буй нь тэр юм. Тиймээс ч дуу оруулагч жүжигчний хоолойны өнгө сайхан, олон түвшинд хувирдаг байх шаардлагатай, ямар нэгэн нутгийн аялгагүй, цэвэр тод үг хэллэгтэй байх хэрэгтэй гэх мэт шалгуурууд бий. Сул тал нь олон цаг нэг студид сууна, хүчилтөрөгчийн дутагдалтай байдаг гэдэг утгаараа бид хүнд нөхцөлд ажилладаг гэдэг ангилалтай. Мөн хөдөлгөөнгүй их удаан цагаар суудаг учраас нуруунд их ачаалал өгдөг. Гэхдээ энэ ажлын хамгийн гайхалтай нь бид өдөр бүр өөр өөр дүрд дуу оруулж, өөр өөр мэдрэмж авч байдаг.  Тиймээс огт уйдамгүй ажил.

-АВГА, ҮНЖЭ ХОЁР ХООРОНДОО ЯРИЛЦАХ ҮЕД НЭГЭЭС НӨГӨӨГИЙН СЭТГЭЛЗҮЙ РҮҮ МАШ ХУРДАН ШИЛЖИНЭ-

-Ажлын орчин нөхцлийн тухай та ярилаа. Аргагүй байдлаас шалтгаалж ийм битүү, агааржуулалт муутай өрөөнд суудаг байх даа?

-Тийм. Бас цонхгүй. Хэрэв агааржуулагч бас цонх байвал гаднаас дуу чимээ ордог учраас яах аргагүй бидний ажлын онцлог л энэ юм.

-Нэг суухдаа хэдэн цаг сууж байж гарах вэ?

-2-3 цаг сууна. Заримдаа таван цаг суух ч тохиол бий.

-Ийм олон цагаар хоолойгоо “суулгаж” уншихаар хоолой сөөнгөтөх, загатнах гээд олон бэрхшээлүүд гардаг болов уу?

-Тиймээ, ядрана. Тухайлбал, нэг кинонд бид 10-20 дүртэй кинонд дөрөв, тавуулаа л дуу оруулдаг. Тэр дүрүүд нь хооронд ярина. Тухайлбал, Үнжэ “Авга аа, би таныг маш их санасан” гээд л хэлэнгүүт үргэлжлүүлээд Авга “Чи яагаад ингэж байгаа юм бэ” гээд л нэг хормын дотор нэг сэтгэлзүйгээс нөгөө сэтгэлзүй рүү шилжих хурд, техник их шаарддаг. Авгын мэдрэмж, Үнжэгийн мэдрэмжийг дотроо хоёуланг нь хадгалж байгаад л нэгэн зэрэг ээлж, дараагаар нь гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр бидний ажил цэвэр мэдрэмжийн ажил гэж хэлж болно. Тухайн дүр юу илэрхийлэх гэж буйг сайтар ойлгох шаардлагатай. Нэг л их муухай ааштай хүн яваад байгаа ч түүний цаана маш сайн хүн нуугдаж байвал тэрийг бид дуу хоолойныхоо өнгөөр хэрхэн гаргах вэ гэдгийг боддог.

-Та дүрүүдээ хэрхэн судалж, ойлгож байж дуу оруулдаг вэ? Тухайлбал, Авга, Үнжэ гэх хоёр бүсгүйн дүрийг хэрхэн ойлгож, хэрхэн гаргав аа?

-Авга бол том хүн хэрнээ хүүхэд шиг сэтгэлгээтэй. Юм бүрийг цагаан цайлганаар хардаг, үргэлж бүгдийг шударгаар хэлдэг, энэ киноны чимэг дүр гэж хэлж болно. Би авгын дүрд дуу оруулахдаа сэтгэхүйн хувьд өөрчлөлттэй ч юм шиг мөртлөө бүхнийг ойлгож буй, бүхнийг эерэгээр харж буй хандлага нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Нөгөөтэйгүүр, тухайн дүрийг хоолойг дуурайна гэдэг ойлголт бий. Мөн жүжигчний тоглолт юу илэрхийлэх гэж буйг ойлгоод Монгол хэлээр, Монгол хөрсөн дээр буулгаж байгаа юм. Эхнэрийн урхи киноны энэ дүрд дуу оруулаад дууссаны дараа “UBS” телевиз дээр тавдугаар ангийн нэг жаахан хүүхэд ирээд “Авгад дуу оруулсан хүнтэй уулзмаар байна” гээд намайг зорьж ирж билээ. Багахан хөгжлийн бэрхшээлтэй тэр хүүхэд “Би авгад дуу оруулсан хүнийг өөрөөр төсөөлж, өөртэйгөө адилхан хүүхэд байх болов уу гэж бодсон, та яаж дуу оруулсан юм бэ” гэсээр ирж билээ. Би тэр хүүхдэд ажлаа танилцуулаад, Авгын хэсгээс дуу оруулж үзүүлээд явуулахад ойлгож, баярласнаа илэрхийлээд буцаж байсан. Энэ мэтээр тэр дүр хүмүүст хүрсэн юм болов уу гэж бодогдсон.

Үнжэгийн дүрийн хувьд эхэндээ маш их зовлон мэдэрч буй эмэгтэй. Хожим нь тэр хэцүү хүнд амьдралаас эмэгтэй хүн бууж өгөлгүй хэрхэн босч ирдэг юм, ялангуяа Монголын амьдралд нөхөр нь хаяад явчихдаг ийм Үнжэ шиг бүсгүйчүүл олон бий. Энэ бүхний эсрэг тэмцэж хэрхэн жинхэнэ хайр дурлалаа олж, өөрийн аз жаргалд хүрч болдог юм гэдгийг харуулсан дүр байсан. Ингээд л Үнжэ гэх дүрийнхээ хамт л тэр мэдрэмжүүдийг авч, шаналж, гуниглаж, жаргаж, баярлаж явна. Эдгээр дүрүүддээ би маш их хайртай, намайг тодорхой хэмжээнд хүмүүст таниулж өгсөн гэж би боддог доо. Уг нь энэ 11 жилийн хугацаад бараг л 5000 гаруй кинонд дуу оруулсан, энэ мэргэжлээсээ хэзээ ч уйдахгүй, насан туршдаа хийнэ.

-ТАНИХГҮЙ ХҮМҮҮСТЭЙ ЯРИЛЦАХААР “БИ ТАНЫГ ТАНЬДАГ БИЛҮҮ” ГЭЖ ИХ АСУУДАГ-

-Таны мэргэжлийн бас нэг гайхалтай зүйл бол ганцаараа студид суучихаад л нэг хүүхэлдэйн кинонд өөр өөр хүний хоолой гаргаад ганцаараа шахуу дуу оруулчихдаг. Хараагүй  хүн бол хэд хэдэн хүн сууж байна л гэж ойлгомоор шүү дээ. Олон дүр дээр нэгэн зэрэг хэрхэн ажилладаг талаараа жаахан дэлгэрүүлбэл?

-Дуу оруулагч жүжигчний онцлог энэ юм. Тайзан дээр нэг жүжигчин ихэвчлэн нэг л дүрд, кинонд мөн нэг л дүрээ бүтээнэ. Харин бид энэ студидээ олон дүрд тоглоно. Тиймээс ч дуу хоолойны өнгө нь хувирах чадамжтай байх нь байна. Дуу хоолойны өнгө шилжүүлэх нь цэвэр техник, олон жилийн туршлага бий. Нөгөөтэйгүүр бид хүмүүсийн яриаг маш их чагнадаг. Тухайлбал, би Минугийн дүрд дуу оруулахдаа дүүгийнхээ яриаг сонсоод л суудаг байсан. Жүжигчний судалгааны ажил гэсэн үг. Хүүхэд ийм ийм хэсэгт ингэж зогсолт авдаг, ийм үгнүүдээ дутуу хэлдэг юм байна, ямар нэгэн айх ичих зүйлгүйгээр шууд хэлдэг байдал гээд л хүүхэд гэдэг ертөнц ямар ч жүжиглэлтгүй, далд утга, далд санаагүй. Эмэгтэй дуу оруулагч жүжигчин эмэгтэй болон эрэгтэй хүүхдэд дуу оруулж болдог. Харин эрэгтэй хүн хүүхдийн дүрд дуу оруулах нь их ховор. Энэ бол хоолойн онцлог. Мөн 16 настай, өсвөр настан, 25 настай бүсгүйн хоолой, 40 настай хижээл эмэгтэйн хоолой, 70 настай эмээгийн хоолой ямар байдаг бол. Уйлахдаа яадаг бол, хоолой нь ингэж зангирдаг юм байна гээд л судалгаа байнга л хийж явна.

-Таны хоолой зөвхөн кинонд биш реклам зар сурталчилгаанд ч их сонсогдож байдаг. Ямар ямар рекламанд дуу оруулж байв?

-Дуу оруулах төрөл дотроо хоёр хуваагддаг. Ам барилт гэдэг нь тухайн жүжигчний амьсгаа, нусаа татах, шүлсээ залгих, уйлаан, орилоон гээд нарийн ажилбаруудыг бүгдийг нь хийдэг. Монголын олон жилийн түүхтэй кино урлагт тухайлбал, Цахиур Төмөрийн дүрд Н.Дагийранз дуу оруулсан байдаг. Тоглосон жүжигчний өөрийнх нь хоолой жаахан нарийн, гэтэл дүрд нь аргил хоолой хэрэгтэй болсон байдаг. Тиймээс дуу хоолойг нь сольж Дагийранз гэж гайхалтай жүжигчин дуу оруулж байж. Дуу оруулалтаар жүжигчний тоглолтыг өргөнө, засана эсвэл унагаж ч болно. Харин дуу оруулалт гэдэг нь орчуулгын кинонд тухайн жүжигчнийг дагаж уншина гэсэн үг. Ийм хоёр төрөл бий.

Дуу оруулагч жүжигчин зөвхөн орчуулгын кинонд дуу оруулах биш бүх л уншиж болох зүйлсийг уншиж чаддаг байх ёстой гэж би боддог. Үүнд шүлэг, найраглал, өгүүллэг, реклам зар сурталилчгаа, утасны IVR хоолой гэх мэт бий. Миний хувьд хүмүүсийн мэддэгээр Мами Поко гэж хүүхдийн живхний реклам, Найрсаг Улаанбаатар, Сваровски, Номин электроникс гэх мэт маш олон реклам бий. Энэ чиглэлд Монголын 20 гаруй студитэй хамтран ажиллаж байна.  Рекламд дуу хоолой маш чухал. Огт тохирохгүй хүнээр дуу оруулуулчихсан бол хичнээн гоё дүрстэй реклам байлаа ч бүтэлгүйтнэ. Тиймээс рекламанд дуу оруулна гэдэг маш өндөр мэдрэмж шаарддаг ажил шүү.

-Ярилцлагынхаа төгсгөлд олны танил дуу хоолойтой хүнд тохиолддог сонирхолтой явдлуудаас уншигчиддаа сонирхуулъя. Царай зүсийг тань хараад танихгүй ч дуу хоолойг тань орой бүр сонсдог хүмүүс тантай юм ярихаараа гайхаж хүлээж авах хөгжилтэй тохиолдол бий юу?

-Тиймэрхүү зүйлс болдог шүү. Худалдан авалт хийхээр “Энэ хэд вэ, надад таарах болов уу” гэх мэтээр асуухаар хүмүүс хариулдаггүй. Зогсоод л байдаг. /инээв. сурв/ Ахиад л “Уучлаарай, энэ хэдэн төгрөг вэ, өөр өнгө бий юу” гээд л асуухаар гэнэт л “Аан, та UBS телевизэд ажилладаг уу” эсвэл “Би өмнө нь тантай уулзаж байл уу”, “Хоёулаа танилууд уу” гэх мэтээр их асууна. Ер нь хүмүүс их сонсгол сайтай, ихэвчлэн асууж мэддэг. Таньж мэдсэн хүмүүс нь бараагаа хямдруулж хүртэл өгнө /инээв. сурв/ Болзоонд явахад хүртэл хүнд эерэг сэтгэгдэл төрүүлж, хэзээний танилтайгаа уулзсан мэт мэдрэмж төрүүлдэг, яриаг чинь сонсоод л суумаар байдаг гэж хэлдэг юм. Энэ мэт мэргэжлийн минь сайхан талууд их шүү их.

-Цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа.

-Та бүхэндээ мөн баярлалаа. Энэ завшааныг далимдуулаад жүжигчний ур чадварын багш Л.Доржням, ярианы ур чадварын багш н.Одончимэг, UBS телевизийн кино албанд хамтран ажилладаг хамт олон, оюутан цагаасаа хойш хамтарч буй Нямбаяр найздаа, Батхишиг, Мөнхсайхан эгчдээ маш их талархаж явдаг. Та нартаа бүгдэд нь маш их баярлалаа. Мөн "UBS" телевизийн хамт олондоо болон өнгөрсөн хугацаанд хамтран дуу оруулж байсан ах эгч, найз нартаа маш их баярлалаа. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ