Өнгөрсөн тавдугаар сард иргэн Г.Ган-Очир Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үеэр МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд санал хураалтын хар машиныг “луйвардаж” төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй талаар мэдээлж байв. Улмаар цагдаа, тагнуулын байгууллагаас түүнийг хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулж буюу төрийн эрхийг хууль бусаар авах болон худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.
Өчигдөр мөн /2021.08.04/ иргэн Г.Ган-Очиртой холбоотой асуудал дэгдсэн. Тодруулбал түүнийг хэвлэлийн бага хурал хийхийн өмнөх өдөр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулж, санаатайгаар төлөвлөсөн ажлыг нь саатуулсан гэх мэдээллийг гэр бүлийнхэн нь өгөөд буй.
Тухайн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Иргэн Г.Ган-Очир нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэсэн гомдол ирсэн. Тиймээс тус иргэнийг эрүүлжүүлэхээр авч явсан. Хуульд заасны дагуу 24 цагийн дараа суллана” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл бид уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр "Иргэн Г.Ган-Очир нь ахуйн хүрээнд архидан согтуурч амгалан тайван байдал алдагдуулж байна гэх гомдол өчигдөр өглөө хөршүүдээс нь ирүүлсэн. Дуудлагын дагуу цагдаа очиж саатуулж одоо шалгаж байна"гэлээ.
Харин өөр эх сурвалж "Г.Ган-Очир нь гэртээ найзуудтайгаа оройноос өглөө хүртэл архидсан. Зодоон болж асуудал үүссэн. Улмаар орилж чаралж амгалан тайван байдал алдагдуулсан учир хөршүүд нь 102 утсанд дуудлага өгсний дагуу эрүүлжүүлэх байранд саатуулаад гаргасан. Захиргааны арга хэмжээ авсан" гэв.