2021 оны зургадугаар сарын 1-ны өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Нийслэл дэх маргаан дагуулсан хэд хэдэн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлнэ хэмээн мэдэгдсэн.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах талбайн ААН-үүдэд олгосон газар эзэмших зөвшөөрлийг цуцалж, нийтийн эдэлбэр болгон тохижуулахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт Засгийн газраас даалгасан юм.
Тус газар нь иргэдийн сайн мэдэх Жуковын хөшөөний хойд талын цэцэрлэг юм. Харин 2017 онд нэр бүхий таван компанид тус газрыг хэсэгчлэн эзэмших зөвшөөрөл олгосон байдаг. Иймд нийтийн эзэмшлийн талбайг хувийн компани ашгийн төлөө авах гэсэн оролдлогыг иргэд эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлснээр Засгийн газраас өнгөрөгч зургадугаар сарын 01-ны өдөр “эзэмших эрхийг төрд шилжүүлнэ” хэмээн ийнхүү амласан юм.
-ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ НЬ 2032 ОНЫГ ХҮРТЭЛ БАЙНА-
Харин таван хэсэгт хуваагдсан тус газрын дөрвийг нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий “Ньютур сафарис”, “Мэргэ ван”, “Хүрээ инвест”, “Алхана трейд” компани эзэмшдэг гэх мэдээлэл байдаг.
Тэгвэл өнөөдрийг хүртэл тус газрын бүртгэл нийтийн эзэмшилд шилжээгүй, Ц.Анандбазар нарын хамаарал бүхий компаниуд эзэмшсэн хэвээр байгаа ажээ. Тодруулбал, тус газрын эзэмших эрх нь 2017 оны 11-р сараас 2032 оны 11-р сарын 16-н хүртэл хүчинтэй хэвээр байна.
Засгийн газар иргэдийн ая тухтай байдлыг хангаж, хүүхэд залуустаа ээлтэй хотыг бүтээхийн тулд нийтийн эзэмшлийн талбайг ногоон байгууламж болгохыг зургадугаар сард Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон хэдий ч тус газарт хувийн эзэмшлийн барилга сүндэрлэхээр барилгын ажил нь эхэлсэн байж болзошгүй байна. Зарим иргэдийн мэдээлж буйгаар тус газарт орон сууцны хороолол, оффис, үйлчилгээний төв нийлсэн 20 гаруй давхар барилга сүндэрлэнэ гэх мэдээлэл бий. Тодруулбал, нийтийн эзэмшилд авлаа, иргэдээ тохь тухтай байлгана гэж Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд нийлж хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр далим хийж баярлуулан гомдоосон нь энэ боллоо.