Соёлын яам, Цагдаагийн ерөнхий газраас хамтран соёлын өвийн хулгай, хадгалалт хамгаалалтын асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд, Соёлын өвийн газрын дарга С.Даваацэрэн, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтсийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр нар оролцов.
Мэдээллийн эхэнд, Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтсийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр "2017 оноос хойш энэ төрлийн нийт 25 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалт хийжээ. Үүнээс 11 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон бол одоо есөн хэргийг шалгаж байгаа аж. Харин түүх соёлын дурсгалт эд өлгийн зүйлсийг хадгалж буй музей, хийдэд үйлдэгдсэн хулгайн хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байна. 2021 оны эхний найман сарын байдлаар соёлын өв, түүх соёлын эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг долоо гарсан. Үүнээс зургааг нь цагдаагийн байгууллага илрүүлэн, холбогдох этгээдүүдийг барьсан.
Одоо нэг хэрэг дээр нь ажиллаж байна. Нийт таван этгээд зургаан удаагийн үйлдлээр Архангай, Завхан, Өвөрхангай гэсэн гурван аймаг, Сонгинохайрхан, Багануур дүүргийн хийдүүдээс Майдар бурхан 3, Богдзонхав бурхан 2, Занабазар бурхан 1, зэс бурхан 1, Алтангэрэл судар, эмээлийн тоноглол зэрийг хулгайлсан болохыг тогтоосон.
Соёлын өвийг хулгайлсан 5 этгээдийн хоёр нь өмнө нь хоригдож байсан бөгөөд өршөөлөөр суллагдсан. Эдгээр этгээд аялал зугаалгаар явах нэрийдлээр өдрийн цагаар музей, хийд зэрэгт орж хулгайлах зүйлсээ судалдаг байна. Соёлын өвийн хулгайг эртний эдлэлийн ченжүүд хийж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял шийтгэл авч байсан иргэд гэмт хэрэг үйлдэж байна. Монголд түр хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэдийн захиалгаар соёлын өвийг хулгайлж байна. Амар хялбар аргаар ашиг олох зорилгоор эртний ургамал, археологийн олдворыг зарж худалдаалах гэмт хэрэг гарч байна.
Музей, соёлын өв хадгалах газруудын харуул хамгаалалт сул байгаа нь хулгай гарах үндэс болж байна. Аливаа иргэн өөрийн эзэмшдэг соёлын өвийг бүртгүүлэх ёстой. Үүнийг мэдэхгүй, бүртгэлгүй байгаагийн улмаас цагдаагийн байгууллагын ажилд хүндрэлд учирдаг. Соёлын өвийн гэмт хэргүүд зохион байгуулалттай болсон. Мэдээж худалдан авагч, худалдаалагч байна. Тэднийг холбодог зуучлагч бий. Энэ тал дээр бид олон улсын байгууллагатай харилцаж байна." гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: