ЛГБТ Төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тэгш эрх, бахархлын өдрүүд” үйл ажиллагаа 2021 оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны өдрүүдэд 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ.
ЛГБТ Төв нь нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, гишүүнчлэлгүй, төрийн бус байгууллага бөгөөд бэлгийн болон хүйсийн цөөнх болох лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр болон бусад (ЛГБТИК+) олон нийтийн хүний эрхээр 2009 оноос хойш албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж буй Монгол дахь цорын ганц байгууллага юм.
“Тэгш эрх, бахархалын өдөр” үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд олон нийтийн гудамж, талбайд энэ агуулгаар сурталчилгааны самбаруудыг байршуулсан байгаа юм. Зорилго нь бэлгийн цөөнх буюу гей, лесби, бисексуал гэхчлэн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг нийгэмд ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх юм.
Харин эдгээр өдрүүдэд бэлгийн цөөнхийг хувь хүнийхээ үүднээс дэмжихгүй гэдгээ цахим сүлжээнд илэрхийлсэн нөлөө бүхий хүмүүс цөөнгүй байна. Тухайлбал, зохиолч Todko Samson, Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нар юм.
Саяхнаас “Pop it” гэх солонгон өнгөт тоглоом дэлхий даяар хүүхдүүдийн сонирхлыг татаад буй. Харин Todko Samson уг тоглоомын өнгө, материал, дуу чимээ нь хүүхдийг багаас нь G цэгийн мэдрэмжтэй болгодог, бэлгийн чиг баримжааг нь өөрчилдөг гэсэн явцуу мэдээлэл хуваалцсан. Б.Одсүрэн энэ мэдээллийг сонсоод хүүхдийнхээ тоглоомыг хогийн саванд хаясан төдийгүй эрх мэдлээ ашиглан ЛГБТ төвийн төлбөрөө төлсөн байгууллагын эрх ашигт халдаж, реклам, сурталчилгааг нь хуулсан гэдгээ цахим сүлжээндээ нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна.
Бид энэ ауудлаар ЛГБТ төвийн байр, суурийг тодруулахаар холбогдоход “Удахгүй хэвлэлийн бага хурал хийж нэгдсэн журмаар мэдээлэл өгнө. Түүнээс наана байр, суурь илэрхийлэх боломжгүй” гэлээ.
Б.ДЭЛГЭРМАА