“Оргил Энканто” салбарын газрыг хууль бусаар ашиглаж буй УИХ-ын гишүүний компанийг хяналтын шатны шүүхэд өгнө

“Оргил Энканто” салбарын газрыг хууль бусаар ашиглаж буй УИХ-ын гишүүний компанийг хяналтын шатны шүүхэд өгнө

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын эзэмшлийн Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Оргил Энканто” салбарын авто зогсоолын хэсэгт явган хүний зам буюу нийтийн эзэмшлийн зам, талбай орсонд иргэд эсэргүүцэж, зарим иргэний зүгээс тус явган хүний замын буцааж авах хөдөлгөөн өрнүүлж байсан. 

Тэгвэл тус авто зогсоолтой холбоотой шүүх хурал өнгөрөгч наймдугаар сард /2021.08.02/ болсон билээ. Шүүхээс “хууль бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэж байсан юм. Тэгвэл захиргааны хэргийн давж заалдах шүүх нь "Газрыг шууд чөлөөлөхгүй. Чөлөөлөх эсэхээ хот шийдэж байж таньд хариу өгнө. Чөлөөлөх мэдэгдэл өгөхгүй бол та шүүхэд хандаарай" гэсэн хариуг нэхэмжлэл гаргасан хуульчид өгсөн байна.

Энэ талаар хуульч А.Базар өөрийн цахим хуудаснаа, "Шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан, Д.Баатархүү. хэдэн жил хэдэн удаа шүүхээр яв, хүлээ гэж байгаа юм бол? 

  1. "Нийслэлийн Засаг даргаар миний өргөдлийг шийдүүлж өгөөч" гэж шүүхэд хандсан.
  2. Нийслэлийн Засаг дарга газрыг чөлөөлөх мэдэгдэл өгөхгүй бол "Газрыг чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгаж өгөөч" гэж бас шүүхэд хандсан. 
  3. "Оргил" худалдааны төв мэдэгдлийг биелүүлэхгүй бол "Одоо албадан чөлөөлхийг Засаг даргад үүрэг болгож өгөөч" гэж 3 удаа шүүхэд хандаж байж газрыг чөлөөлүүлэх юм гэнэ.

Мэдээж энэ хооронд нь баахан шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр явна. Хугацаа их авна. Ингэж явбал 3-4 жилээс наашгүй. Зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэж тангараг өргөсөн хүмүүс шүү дээ. Харин нийтийн замыг хууль бусаар ашиглаад байгаа компани нь "Ард түмний төлөө зүтгэнэ" гэж тангараг өргөөд, амлалт өгөөд сонгогдсон УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатар эзэмшлийн компани" гэсэн байна.