"Урагшлах" ХХК-ийн захирал С.Гүншир: Сургууль, цэцэрлэгийнхэн ус алдуулж хамар ханыг нь суулгасан

"Урагшлах" ХХК-ийн захирал С.Гүншир: Сургууль, цэцэрлэгийнхэн ус алдуулж хамар ханыг нь суулгасан

-СУРГУУЛИЙН ЗАХИРГАА: ТАНХИМААР ХЭЗЭЭ ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЛЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА- 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р сургуулийн хичээлийн II байрны хана, тааз нурж, шал нь цөмөрч аюултай нөхцөл байдал үүсээд буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд хөвөрч байна.

Тус хичээлийн байранд 17-р сургуулийн бага ангийн сурагчид хичээллэхээс гадна 22-р цэцэрлэгтэй холбогдсон өргөтгөлд нь хоёр бүлэг хичээллэдэг аж. Уг барилгыг 2015 онд “Урагшлах” ХХК орон нутгийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн байна. Хичээлийн байрыг 2017 оны нэгдүгээр сард  Улсын онцгой комисс хүлээн авч ашиглалтанд оруулжээ.

Өнөөдрийн байдлаар дээрх үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тухайн сургууль танхимаар хичээллэх ямар ч боломжгүй болсон бөгөөд бага ангийн 500 гаруй сурагч цахимаар хичээллэж байна. Сургуулийн захиргаа “Танхимын хичээл хэзээ эхлэх нь тодорхойгүй” гэж мэдэгджээ.

Орхон аймгийн хотын захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын газар зэрэг бусад холбогдох байгууллагууд барилгын нуралтын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Харин 17-р сургуулийн сурагчдийн эцэг эхчүүд “Тухайн хичээлийн байр цууралт өгөөд удаж байна. Хоёр жилийн өмнө  л ан цав  гарчихсан байсан. Эцэг эхчүүд болон багш нар байнга холбогдох газарт нь хандаж байсан боловч авч хэлэлцэхгүй байсаар өнөөдөр нурааж ахин барихаас өөр аргагүй байдалд хүрлээ” гэлээ. 

Тэгвэл бид “Урагшлах” ХХК захирал н.Гүнширтэй холбогдож энэ талаар тодруулахад, “Тус сургуулийн хичээлийн байрыг манай компани 2016 онд барьж Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн. Өмнө нь сургууль, цэцэрлэгийнхэн ус алдуулж хамар ханыг нь суулгасан. Сургуулийн өмнөх захирал Болдсүх ч мэдэж байгаа. Ус сувгийнхан ирж бөглөөг нь гаргахад шалан дороос нь их хэмжээний ус гарсан.  Гэхдээ Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарахад аль талынх нь буруу гэдэг нь тодорхой болно. Би нөхцөл байдлыг тодорхойлуулна” гэлээ.

Б.ДЭЛГЭРМАА