Аж ахуйн нэгжүүд нэр, хаягаа үндэсний бичигтэй  хослуулсан тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлнэ

Аж ахуйн нэгжүүд нэр, хаягаа үндэсний бичигтэй  хослуулсан тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлнэ

2021 оны есдүгээр сарын 01-нд /2021.09.01/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзжээ. Тус уулзалтаар хос хэлээр боловсрол эзэмшихийг хуульчлах, Монгол Улсын Боловсролын их сургуульд Монгол-Казах, Монгол-Тува хэлний бага ангийн багш бэлтгэх анги нээх тухай ярилцсан байна. Мөн гадаадад байгаа Монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролд анхаарах, Монгол хэлний их тайлбар толь, Монгол хэлний соёлын их тайлбар толь бүтээхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг илэрхийлжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл есөн зүйл, 74 заалт бүхий Төрөөс хэлний талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж дууссан ба соёлын яаманд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг бусад яаманд хэрэгжүүлэх, цахим хөрвүүлгийн программ, алдаа шалгуур бүтээх, Монгол бичгийн авиа зүйн загварын “Юникод” нэвтрүүлэхэд анхаарахыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлд үүрэг болголоо. Мөн нэр, хаягаа кирилл болон үндэсний бичигтэй хослуулан бичиж хэвшсэн аж ахуйн нэгж, байгууллагад татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байх шийдлийг хэрэгжүүлэхээр болжээ.

Мөн бүх нийтээр үндэсний бичгээ сурах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч уриалга гаргаж, бүх шатны байгууллагад эрх бүхий байгууллагаар дамжуулан чиглэл өгөх боломжтойг хэлсэн байна.

С.Ариунсувд