Төрийн өмчийн компаниудын 70 хувь нь алдагдалтай ажиллаж байна

Төрийн өмчийн компаниудын 70 хувь нь алдагдалтай ажиллаж байна

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах танилцуулга хийлээ. Өнөөдрийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Эдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбар гэдгийг албаны төлөөлөл Ерөнхий сайдад танилцуулсан юм.

Төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгээд корпораци болгох саналыг тус газраас гаргажээ. Ингэснээр тусдаа үйл ажиллагаа явуулж байсан газруудыг төвлөрүүлж, бодлого нэг газар зангидагдана гэж үзсэн байна. Үүний тулд хувьцаа эзэмшигчийн эрхийг төвлөрүүлэх, хэрэгжүүлэх, салбарын яамдын оролцоог хангасан бүтэцтэй байх, хөрөнгийн болон хүний нөөцийн оновчтой менежмент хийх, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцох боломжийг хангах шаардлагатайг ч мөн хэллээ. 

2011 онд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд хоёр их наяд төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 10 их наяд болж нэмэгдсэн байна. Хэдий орлого нэмэгдсэн ч зардал дагаад өссөнийг албаны төлөөлөл танилцуулгадаа дурьдаж байв. Эдгээрээс гадна орон нутгийн өмчит 275 компанид 18 мянган ажилтан, алба хаагч ажилладаг.

Ерөнхий сайдын зүгээс төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулж, ашигтай ажиллуулах талаар төлөвлөгөө боловруулж ирэх долоо хоногт танилцуулах үүрэг өглөө. Мөн төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдээс аль салбарыг нь хувьчилбал ашигтай байх талаар судлаж, танилцуулахыг даалгасан юм.