Хөшөөтийн уурхайг хаах эсэхийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ

Хөшөөтийн уурхайг хаах эсэхийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ

Хөшөөтийн уурхайн тээвэрчид өнгөрсөн баасан гаригт /2021.09.03/ Ард Аюушийн талбайд жагсаж, Ховд аймгийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Энэ үeэр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тээвэрчидтэй уулзаж, санал бодлыг нь сонссон юм.

Ховд аймгийн Цэцэг сумын нутагт байрлах "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайд гэрээгээр нүүрс тээвэрлэгч жолооч нараас ирсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг үндэслэн Засаг даргад дараах шаардлагыг хүргүүлсэн билээ. 

Үүнд:

-Ховд аймаг Мо-Эн-Ко ХХК хоорондын хамтран ажиллах 2021-2024 оны гэрээг нэн яаралтай байгуулах

-“С зөвшөөрөл” нэрээр тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас хасч, жолооч тээвэрчдийг шахан гаргаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх, Мо-Эн-Ко ХХК өөрийн тээврийн хэрэгслийг оруулж ирж байгаа үйл ажиллагааг таслан зогсоох

-Мо-Эн-Ко ХХК-д тээвэр зуучлагч компаниудын захирлууд, тээвэрчдийн төлөөллийн байгууллага, ханган нийлүүлэгч байгууллагын төлөөллийн “Зөвлөлдөх уулзалт”-ыг нэн даруй зохион байгуулж, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулахад нь дэмжлэг үзүүлэх гэж тусгасан байсан.

Тээвэрчдийн жагсаал үргэлжилж буй бөгөөд Ерөнхий сайд болон бусад албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэсэн юм. 

Харин Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын зүгээс энэ сарын 05-07-ны хооронд тээвэрчдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа зэрэг хэд, хэдэн асуудлаар хуулийн хүрээнд хяналт шалтгалт хийлгэхээр чиг үүрэг бүхий мэргэжлийн арваад байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг томилж удирдамжийн дагуу ажилд нь оруулжээ. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж ирэх 7 хоногийн эхээр Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна гэв. Улмаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн Хөшөөтийн нүүрсний уурхайг хаах, эсэх асуудлаар эцсийн шийдвэрийг гаргаж ажиллах юм байна.