Бензины хомсдол үүсэхгүй, үнэ ч нэмэгдэхгүй

Бензины хомсдол үүсэхгүй, үнэ ч нэмэгдэхгүй

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан, Эрдэнэт болон Улаанбаатар хотын зарим шатахуун түгээх станцууд засвар  хийж, зарим нь агуулахаасаа бензин татаагүйн улмаас бензин тасалдаж нэг хэрэглэгчид дээд тал нь 30 мянган төгрөгний бензин олгосон. Үүнээс болж иргэдийн дунд бензины нөөц тасарсан, үнээ нэмэх гээд бензинээ тасалчихлаа гэсэн яриа дэгдэж иргэд бензин нөөцлөхөөр ШТС-ууд дээр ачаалал үүсгээд байгаа билээ.

Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад "Өнөөдрийн байдлаар АИ-92 бензиний 20 хоногийн нөөцтэй байгаа учраас хомсдол үүсэхгүй. Үнэ ч нэмэгдэхгүй. Иргэд их хэмжээгээр нөөцлөх, дараалал үүсгэх шаардлагагүй. Улсын хэмжээнд сард багадаа 30,000 тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Харин энэ сард ОХУ-аас 30,000 тоннд хүрэхгүй АИ-92 нийлүүлж магадгүй талаар мэдэгдсэн. Тиймээс урд хөршөөс авдаг бензиний хэмжээгээ өсгөхөөр ажиллаж байна" гэв.

Б.ДЭЛГЭРМАА