Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр комедиан Б.Идэр-Од, О.Мөнхжин нарын залуус IHC (Inflation Hedging Coin) койныг дөрвөн бирж дээр худалдаанд гаргасан билээ. Цахим сүлжээнд тэдний койныг авах нь зөв, буруу эсэх талаар багагүй маргаан дэгдээд байсан. Мөн олны танил эрхмүүд ч үзэл бодлоо илэрхийлж байв. Тэдний нэг нь “Apex Capital”-ийн хамтран үүсгэн байгуулагч А.Идэрбат юм.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа нийтэлсэн бичлэгт “Койн гаргах шиг амархан зүйл байхгүй. Facebook хаяг нээхтэй л ижил хялбархан, байрны доор байгаа найман нэрийн дэлгүүрээс ч ойрхон болчихсон...Тиймээс гол нь яг юу руу мөнгөө хийх гээд байна гэдгээ сайн бод” хэмээж байсан юм.
Тэгвэл О.Мөнхжин, А.Идэрбат нар койны асуудлаас болж ширүүхэн маргалдсан бололтой. Энэ талаар А.Идэрбат өөрийн инстаграм болон фейсбүүк хуудаснаа “О.Мөнхжин миний нуруу руу хэд хэдэн удаа алгадсан. Дараа нь над руу инстаграм мессеж явуулан түүнийгээ дааж чадалгүй ирж, цамц урж, товч ярсан. Намайг алгадсан. Болсон бүх процесс камерт бичигдсэн байгаа. Би яг одоо цагдаа ирчихсэн байна. Би чамайг мэдүүлж байна” хэмээн стори хийжээ.
Дараа нь тэрбээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн байрны гадаа “Би одоо гомдол гаргаж байна. Би зүгээр хоол идээд сууж байтал миний цамцыг урсан, миний нүдний шил эвдэрсэн. Миний бие рүү халдсан. Паб дотор хүний хүзүүг боож, элдвээр доромжлох биш, эелдгээр мэтгэлцье” гэжээ.