А.Идэрбат: О.Мөнхжин надаас уучлалт гуйсан учир өчигдөр болсон явдал дууссан гэж үзэж байна

А.Идэрбат: О.Мөнхжин надаас уучлалт гуйсан учир өчигдөр болсон явдал дууссан гэж үзэж байна

Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр комедиан Б.Идэр-Од, О.Мөнхжин нарын залуус IHC (Inflation Hedging Coin) койныг дөрвөн бирж дээр худалдаанд гаргасан билээ. Цахим сүлжээнд тэдний койныг авах нь зөв, буруу эсэх талаар багагүй маргаан дэгдээд байсан. Мөн олны танил эрхмүүд ч  үзэл бодлоо илэрхийлж байв. Тэдний нэг нь “Apex Capital”-ийн хамтран үүсгэн байгуулагч А.Идэрбат юм.

Тэгвэл өчигдөр/2021.09.07/ О.Мөнхжин, А.Идэрбаттай маргалдаж биед нь халдсан талаарх мэдээлэл цахим сүлжээнд багагүй дуулиан тарьлаа. 

Харин өнөөдөр А.Идэрбат энэ талаар тайлбар хийжээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Өчигдөр болсон адал явдал дууссан гэж үзэж байна. О.Мөнхжингийн багийн гишүүд болон О.Мөнхжин өөрөө надтай холбогдож, “бүдүүлэг зан гаргасан уучлаарай, хохирлыг чинь барагдуулъя” гэсэн. Би хүлээн зөвшөөрсөн.

Олон нийтээс хөрөнгө татаж, тэрэнд нь би шүүмжлэлтэй хандсан. Ийм сенсаци болно гэж таамаглаагүй. Зарим хүн надаас “дараагийн удаа ямар нэгэн компани IPO, ямар нэгэн койн гаргавал чи шүүмжлэх зүйл байвал хэлэх үү” гэж асуусан. Би мэдээж шүүмжилнэ. Ингэж байж зах зээл эрүүл хөгжинө. Мөн хөрөнгө оруулагчид сайн болон муу талыг нь харна” гэв.