ШААРДАХ ХУУДАС: Ц.Анандбазарын эзэмшлийн гэх “Жуковын арын талбай”-н барилгын ажлыг зогсоох албан шаардлагыг тавьжээ

ШААРДАХ ХУУДАС: Ц.Анандбазарын эзэмшлийн гэх “Жуковын арын талбай”-н барилгын ажлыг зогсоох албан шаардлагыг тавьжээ

УИХ-ын гишүүн, “Сод Монгол групп”-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазарын эзэмшил гэх БЗД-ийн IV хорооны нутаг дэвсгэр, Жуковын талбайн арын хэсгийн газрын маргаан дэгдээд даруй 10 гаруй жил өнгөрчээ.

Уг талбайд  газар шорооны ажил хийгдэж том оврын машин техникүүд холхилдох болсон нь эргэн тойрных нь оршин суугчдад амьдрахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх болсон байна.

Тоос шороо ихээр босохоос гадна уг талбайд олон жил мал нядалгааны ажил хийсэн тул газар ухах явцад эвгүй үнэр үнэртэх болжээ.

Тиймээс ч Баянзүрх дүүргийн IV хорооны иргэд амьдрах орчноо сайжруулахын тулд удаа дараа цуглан жагсаж, эсэргүүцсээр байсан.

Тэгвэл Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, хөгжлийн газраас газар шорооны ажил, барилга байгууламжийн угсралтын ажлыг нэг хоногийн дотор зогсоох тухай шаардах хуудсыг гүйцэтгэгч компанид хүргүүлсэн байна.

Тус албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, газрын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад дүрэм журмын дагуу газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, барилга байгууламжийг буулгах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгджээ.