ЭМЯ: Жирэмсэн ээжүүд ковидын халдвар авч дутуу төрөх нь ихэслээ

ЭМЯ: Жирэмсэн ээжүүд ковидын халдвар авч дутуу төрөх нь ихэслээ

Коронавируст халдварын дельта хувилбарын дэгдэлттэй холбоотойгоор Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл ба дархлаажуулалт сэдвээр эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч нар мэдээлэл өглөө. 

ШУУД ҮЗЭХ:


Жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвараас хамгаалах хамгийн гол арга нь дархлаажуулалт болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Дархлаажуулалтад хамрагдсанаар дельта хувилбараас тодорхой хэмжээнд хамгаалж болно. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд хүндрэл, эндэгдлээс сэргийлэхээр ЭМ-ийн сайдын тушаалаар сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж байгаа.

Монгол Улсад жилд дунджаар 80 мянган эмэгтэй төрдөг бөгөөд одоогийн байдлаар 43 мянган хүн төрөөд байна. Гэтэл 6 мянга орчим жирэмсэн эмэгтэй, 5 мянга орчим шинэ төрсөн эх дархлаажуулалтад хамрагдаад байгаа. Дархлаажуулалтад хамрагдсан хувь бага байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор эхийн эндэгдэл нэмэгдсэнээр 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл нэмэгдэх хандлагатай болсон. Тиймээс нийт жирэмсэн эмэгтэйчүүд, шинэ төрсөн ээжүүдээ дархлаажуулалтад хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.

Харин нийслэлийн "Өргөө" амаржих газрын АУ-ны доктор, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Ш.Цэрэнсамбуу анхаарууллаа. Тэрбээр "Амаржих газрууд Улаан бүс буюу коронавирусийн халдвар авсан эхчүүдэд үйлчлэх тасгийг тусад нь гаргасан.

Тухайлбал, Өргөө амаржих газар 30 ортой COVID-19-ийн тасгийг ажиллуулж байсан. Гэвч эхчүүдийн дархлаажуулалтад хамрагдах байдал бага байсантай холбоотойгоор жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах халдварын тархалт ихэссэн тул орыг 80 болгож нэмэгдүүлээд байна.

Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцин нь сайн дурын үндсэн дээр хийлгэх ёстой ч жирэмсэн эхчүүд жирэмсний хоёрдугаар хагастаа заавал хамрагдах шаардлагатай байгааг хэлье. Учир нь коронавирусийн халдвар жирэмсэн эхчүүдэд ноцтой хүндрэл үзүүлж байна. Ялангуяа зүрх судасны өвчтэй, чихрийн шижин, таргалалттай болон элэг, бөөрний архаг өвчтэй эхчүүд амьсгалын дутмагшилд орж, ноцтойгоор хүндэрч байна.

Цаашлаад амьсгалын замын дутмагшилттай холбоотойгоор дутуу төрөлт ихэслээ. Үүнийгээ дагаад кесар хагалгаа эрс нэмэгдэж, дутуу төрөлтөөс үүдсэн нярайн эндэгдэл ч өндөр боллоо.

Тиймээс эхчүүд дархлаажуулалтад заавал хамрагдахыг хүсмээр байна. Үгүй бол цааш дараалсан хүндрэлүүд явагдах эрсдэл үүсээд байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар Өргөө амаржих газарт 5,800 эх амаржсан. Энэ нь өмнөх жилүүдийн мөн үеэс буурсан үзүүлэлт. Ингэхдээ хүүхдийн дутуу төрөлт, төрөхийн хүндрэл, нярайн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл ихэссэн нь коронавирусийн халдвартай холбоотой байна.

Тиймээс жирэмсэн эхчүүдийг заавал дархлаажуулалтад хамрагдахыг дахин дахин хүсэж, сануулах шаардлага гарч байна" гэв.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө