Солонгос захиралдаа зодуулсан Монгол эмэгтэйн хэргийн талаар сайн мэдээ дуулдлаа

Солонгос захиралдаа зодуулсан Монгол эмэгтэйн хэргийн талаар сайн мэдээ дуулдлаа

Өнгөрсөн наймдугаар сарын 19-ны өдөр /2021.08.19/ БНСУ-ын Инчон хотын Бүпён дүүрэгт нэгэн үйлчилгээний газарт жижүүр хийдэг Монгол улсын иргэн Н Солонгос захиралдаа нэг цагийн турш зодуулж, хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан.

Мөн Солонгос захирал нь тухайн үеийн бичлэгийг устгаад өөрөө ч мөн зодуулсан хэмээн зарга үүсгэж эмнэлэгт хэвтсэн. Хамгийн ноцтой нь тус хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж анх харилцан зодоон гэж бүртгэсэн байснаа дараа нь Монгол эмэгтэй Н-ийг буруутай хэмээн үзэж эхлээд байгаа талаар бид өмнө нь тус тус мэдээллэсэн.

Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр уг хэргийн талаар нааштай мэдээ дуулдсан бөгөөд хохирогч эмэгтэйн биеийн байдал сайжирч эмнэлэгээс гарсан байна.

Мөн тэрээр Солонгос захиралдаа зодуулсан хэргийн талаар дөрөв дэх байцаалтаа өмгөөлөгчийн хамт очиж өгсөн бөгөөд "Өмнөх байцаалтуудтай харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай байлаа хэмээн" хохирогч эмэгтэй хэлсэн юм.

Учир нь Солонгосын цагдаа нар өмнө нь хэргийг нарийвчлан асуух бүү хэл, ярих боломж ч олгоогүй байна. Харин энэ удаад илүү нааштайгаар ярилцаж сонсон, сайтар нягтлан асууж байсан нь хохирогч эмэгтэйд цаашид хэргээ өөрийн талд шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэсэн итгэл найдварыг өгчээ. Энэ мэтчилэн гадаадад байгаа Монголчууд өөрийн эрхээ хамгаалуулахаар зоригтой, тууштай тэмцэж чадвал үр дүнд хүрэх боломжтой бөгөөд үнэнийг олонд дуулгаж, өөрийн эрхийн төлөө тэмцэж чадахгүй аваас хохирогчоор барахгүй гэмтэн хэмээн гүтгэгдэх эрсдэлтэй юм.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө