Цогтцэций сумын Засаг дарга Ц.Ууганцэцэгийг “төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан” гэж огцруулжээ

Цогтцэций сумын Засаг дарга Ц.Ууганцэцэгийг “төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан” гэж огцруулжээ

Өнгөрсөн Баасан гараг /2021.09.10/-т Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болж, тус сумын Засаг дарга Ц.Ууганцэцэгийг олонхын саналаар огцруулжээ. Ц.Ууганцэцэг нь МАН-ын гишүүн аж. Гэвч хуралдаанаар өөрийнх нь намын 14 гишүүн бүгд түүнийг огцруулахыг дэмжсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засаг даргыг огцруулсан нь төсвийн зарцуулалттай холбоотой аж. Тодруулбал, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны Орон нутгийн хөрөнгийн сан болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын хэрэгжилтэд хяналт хийхэд нэлээдгүй зөрчил илэрсэн гэж үзжээ.  

Энэ талаар Цогтцэций сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэнд хурлын өмнөх өдөр илгээсэн бичигт; 

  1. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 18 дугаар тогтоолоор ажлын хэсэг байгуулагдан сумын 2020 оны Орон нутаг хөгжүүлэх сан/ОНХС/ болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын хэрэгжилтэд хяналт хийхэд нэлээдгүй зөрчил илэрсэн байна. Энэ хугацаанд Ц.Ууганцэцэг нь Засаг дагын тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд дээрх дээрх ажлуудын зарцуулалтад хяналт тавих, гэрээ хэлцэл хийх ажлыг зохион байгуулж ажилласан. Ингэхдээ ОНХС-ийн зарцуулалт, төсвийн хөрөнгийг хууль зөрчиж зарцуулсан нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй болохыг тус ажлын хэсэг дүгнэсэн байна.
  2. Өмнөговь аймгийн санхүүгийн хяналт, аудитын газрын дарга Ц.Энхтуулын 2021 оны 6 дугаар сарны 14-ний өдөр гаргасан албан тоот болон санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Ц.Ууганцэцэг нь сумын Засаг дарга хийх үедээ төсвийн тухай хуулийг зөрчсөн байна... Ц.Ууганцэцэг нь сумын Засаг даргаар ажиллах ёс зүйн хувьд тохиромжгүй бөгөөд санхүүгийн зөрчил болон хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлүүд нь нотлогдож байгаа тул сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах үндэслэлтэй гэж үзэж байна" гэжээ.

Ийнхүү маргааш нь буюу есдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар засаг дарга Ц.Ууганцэцэгийг огцруулсан байна. Ц.Ууганцэцэг нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар тус сумын Засаг даргаар томилогдож, тамгаа хүлээн авч байжээ.