ТОДРУУЛГА: Тухайн үед Э.Цэндбаатарыг 20 хоног баривчилж байсан

ТОДРУУЛГА: Тухайн үед Э.Цэндбаатарыг 20 хоног баривчилж байсан

Сүүлийн өдрүүдэд МУГТ Э.Цэндбаатарыг тойрсон асуудлыг дагаад түүнтэй холбоотой зарим асуудлууд ч сөхөгдөж эхлээд буй. Тодруулбал, Өнгөрсөн оны арванхоёрдугаар сар /2020.12.10/-д МУГТ Э.Цэндбаатар “Олимпийн гүүр”-ний урд авто замын хэсэг буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нүцгэн, ямар нэг хувцасгүй явж, чанга дуугаар гудамж талбайд орилсон үйлдэл гаргаж олны анхааралд өртөж байв.

Улмаар тухайн үйлдлийг авто зам дээр үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагчид таслан зогоож, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч түүнээс “шээсний шинжилгээ” авч байсан ба мөн тухайн үед зарим иргэд "Э.Цэндбаатарыг сэтгэцэд нөлөөлөх ямар нэг бодис хэрэглэсэн байж болзошгүй" гэж байв.

Тэгвэл энэ талаар өчигдөр /2021.09.13/ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өөрийн цахим хуудаснаа, “Хар тамхины хэргийг цагдаатай нийлээд дарчихдаг юм байна” гэсэн нийтлэлийг хуваалцан  “Тухайн үед нь Э.Цэндбаатар шүүхээр шийтгүүлсэн. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу ажилласан” гэж мэдэгджээ.

Харин бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Мансуурсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байдаг. Тухайн үед Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу Э.Цэндбаатарыг 20 хоног баривчилж, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулж байсан” гэсэн юм.

Харин энэ талаар МУГТ Э.Цэндбаатар нь, “Тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй байна. Надтай хамт байсан найзууд миний уух зүйлд сэтгэцэд нөлөөлөх ямар нэг зүйл хийсэн байх гэж би боддог. Намайг 20 хоног баривчилсан. Би нүцгэн гүйж байснаа л хальт санадаг. Өөр юу ч санаагүй” гэж байжээ. Мөн одоо түүнээс байнга шинжилгээ авдаг гэв.