“Буруу орчихлоо” гээд утас нь тасарсан иргэдийн цогцсыг "Эгийн гол далан"-гийн гүнээс олжээ

“Буруу орчихлоо” гээд утас нь тасарсан иргэдийн цогцсыг "Эгийн гол далан"-гийн гүнээс олжээ

Энэ есдүгээр сарын 03-ны өдөр /2021.09.03/ Булган аймгийн Тэшиг сумын харьяат иргэн 52 настай эрэгтэй М болон 40 настай эрэгтэй Н нар гэрээсээ гараад сураггүй алга болж, ар гэрийнхний зүгээс хоёр хоногийн дараа цагдаагийн байгууллагад мэдэгдэж, онцгой байдлын алба хаагчид болон ар гэрийнхэнтэй хамтран эрэн хайж эхэлсэн бол гурав дах өдөр нь тэдний унаж явсан мотоциклыг Эгийн голын бетон гүүрний хажуугаас олсон байдаг.

-ХОЁР ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ЭГИЙН ГОЛНЫ ГҮҮРНИЙ ДАЛАНГИЙН ШОРООНД ДАРАГДСАН БАЙСНЫГ ОЛЖЭЭ-

Тэгвэл тус хоёр иргэнийг Эгийн гол дээр баригдаж буй гүүрний шороон даланд дарагдсан байж болзошгүй гэж үзэн бүрэн засварлаж дуусаад байсан гүүрний даланг буцаан сэтэлж, улмаар тэдний цогцоснуудыг өнгөрөгч долоо хоногт тус газраас олсон байна.  

Эгийн голын далан ийнхүү сэтрээд байжээ

Одоогоор мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд зарим иргэдийн зүгээс тус хоёр иргэнийг “Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн мотоциклоо голын гүүрний дэргэд тавьсан байсан нь ямар учиртай вэ" гэх асуулт гарч, тэднийг бусдад хорлогдож, цогцоснуудыг даланд нуусан байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргээд байгаа юм.

Эгийн голын даланг засварлаж буй байдал

Харин энэ талаар эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Тус хоёр иргэн Булганы Тэшиг сумандаа мал маллаж, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг малчин иргэд байсан. Тухайн үед нэг нь гэрт ирсэн зочдоо гаргаж өгөхөөр Эгийн голны ойролцоо айлд очсон байсан. Харин нөгөө нь сумын төв орох гэж байгаад тэдгээр хүмүүстэй таарсан байгаа юм. Бидний хардаж буйгаар тэд голоо гатлах гэж байгаад л амиа алдсан байж болзошгүй” гэсэн юм.

-ТАЛИЙГААЧ ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ ЯРЬЖ БАЙГААД “ЧИ БУРУУ ОРЧИХЛОО” ГЭЭД УТАС НЬ ТАСАРЧЭЭ-

Мөн өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Эгийн голны хажууд талийгаачдын мотоцикл, цүнх байсан бөгөөд цүнхэн дотор нэг шилтэй архи байсан. Нэг нь эрүүл хамгийн сүүлд гэрийнхэнтэйгээ утсаар ярьж яваад “хөөе, хөөе чи буруу замаар орчихлоо” гэж хэлээд утас нь тасарсан гэсэн юм. 

Эгийн голын даланг ийнхүү засварлаад байжээ

Ийнхүү осолдсон өдрийн маргаашаас далангийн ажлыг үргэлжлүүлэхээр “Булган АЗЗА” ТӨХК-ын ажилчид ирж,  ажлаа үргэлжлүүлж дээрээс нь шороогоо буулган засварын ажлаа дуусгажээ. Энэхүү далангийн хоёр зах нь маш гүн сэтэрсэн байсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 30-наас сэргээн засварлах ажлыг эхлүүлж энэ сарын 05-нд дууссан юм. Мөн Тэшиг сумын иргэд, “Нутгийнхаа зам, гол усыг сайн мэдэх хашир хүмүүс учраас Эгийн гол орчимд золгүйгээр эндсэн байх боломжгүй” гэсэн талбарыг бидэнд өгч байсан ба энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “гаднын нөлөөтэй эсэх болон согтуу байсан эсэхийг тогтоож байна. Илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн бөгөөд талийгаачид цүнх, мотоциклоо үлдээж өөрсдөө явганаар тэрхүү газрыг туулах гэж оролдсоноор энэхүү хэрэг гарсан байж болзошгүй гэх хардлага үүсэж байгаа юм.