ВИДЕО: Х.Нямбаатар 130 хүнийг цайлж, Л.Оюун-Эрдэнэ гэрлийн шоу хийж “Өндөржүүлсэн байдлын дэглэм”-ээ өөрсдөө зөрчлөө

ВИДЕО: Х.Нямбаатар 130 хүнийг цайлж, Л.Оюун-Эрдэнэ гэрлийн шоу хийж “Өндөржүүлсэн байдлын дэглэм”-ээ өөрсдөө зөрчлөө

Коронавирусийн халдвараас сэргийлж “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Иймд энэ хугацаанд олон нийтийг хамарсан шоу, тэмцээн уралдаан зохион байгуулах нь битгий хэл хурим найр, цайллага, хүлээн авалт хийх ч хориотой. Иймд, саяхан зарим ресторан “хурим найр, хүлээн авалт хийсэн” гэх шалтгаанаар хариуцлагын гэрээг НЗДТГ-аас цуцалсан тохиолдолд ч гарсан.

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.НЯМБААТАР НАР ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ӨӨРСДӨӨ ЗӨРЧЛӨӨ-

Тэгвэл “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн” шийдвэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хоёр өөрсдөө зөрчиж, олны нийтийг хамарсан шоу, цайллага хийлээ. Тухайлбал, Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр Х.Нямбаатар сонгогдож, дараань тэрээр 130 хүнийг хамарсан цайллаг хийсэн байгаа юм.

Энэ талаар Х.Нямбаатар сайд хэвлэлд өгсөн тайлбартаа, "Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаж, "Элит" төв дээр 130 хүн хоол идээд л тарцгаасан" гэжээ.

Тэгвэл өчигдөр /2021.09.17/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам хамтарч “Digital Nation-2021” нэрийн дор 100 гаруй компанийг хамруулсан арга хэмжээг Үндэсний соёл амралтын хүрээлэн /Хүүхдийн парк/-нд зохион байгууллаа. Ингээд орой нь олон мянган хүмүүсийн хамруулсан “гэрлийн шоу” болж тус арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр оролцлоо.

-НОК-ООС “ЦАХИМ ҮНДЭСТЭН” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХГҮЙ ГЭСЭН БАЙЖЭЭ-

Гэтэл тус “гэрлийн шоу”-г зохион байгуулахыг цар тахлын энэ үед Нийслэлийн онцгой комисс /НОК/ зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байжээ. Тодруулбал, НОК-оос Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт явуулсан албан бичигт, “УОК-оос 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглох чиглэл өгсөн. Мөн НОК-ын Шуурхай штабын 2021 оны 15 дугаар хурлаар төрийн болон аж ахуй нэгж байгууллага, иргэний аливаа арга хэмжээ зохион байгуулах хүсэлтийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан. Иймд “Цахим үндэстэн-Digital Nation 21” арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүй” гэжээ.

НОК-оос гаргасан "Цахим үндэстэн 21" арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй гэсэн албан бичиг

Гэтэл УОК болон НОК-ын шийдвэрийг “үл тоож” Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар дарга Б.Болор-Эрдэнэ нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оролцуулаад олон мянган иргэдийг бөөгнөрүүлж, “Digital Nation 21” арга хэмжээ болон “гэрлийн шоу”-г хийж орхилоо. Харин өдгөө коронавирус халдварын улмаас эмнэлгүүдэд хүн хэвтэх “ор битгий хэл шал ч олдохгүй байна” гэсэн мэдээлэл гарч эхлээд байна.