"Бэлгийн цөөнх хүмүүсээс Б.Одсүрэнд уучлалт гуйх"-ыг даалга гэсэн ШААРДЛАГЫГ ХЭҮК-оос Б.Сумъяабазарт хүргүүлжээ

"Бэлгийн цөөнх хүмүүсээс Б.Одсүрэнд уучлалт гуйх"-ыг даалга гэсэн ШААРДЛАГЫГ ХЭҮК-оос Б.Сумъяабазарт хүргүүлжээ

Хүний эрхийн комиссоос төрийн албан хаагч бэлгийн цөөнх хүмүүсийг ялгаварлан гадуурхсан үзэл бодол нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн үйлдэл, эдгээрээс үүдэн гарч болох сөрөг үр дагаврыг таслан зогсоох, цаашид ийм үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой албан шаардлагыг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлcэн байна.

ХЭҮК-ИЙН ШААРДЛАГАД:

ЛГБТ Төв ТББ-аас “Тэгш эрх, бахархлын өдрүүд кампанит ажлын хүрээнд Улаанбаатар хотын 18 чиглэлийн 18 автобусанд зохих журмын дагуу төлбөр төлж, сурталчилгааны материал байршуулжээ. Гэтэл Нийслэлийн засаг даргын орлогч Б.Одсүрэн автобусанд тавигдсан сурталчилгааны материалыг буулгуулж, энэ талаараа “Хүүхдэдээ ийм тоглоом авч өгсөн байсан юм. Гэтэл ижил хүйсийг дэмжсэн, өдөөсөн өнгө, лого, туг, яриа байдгийг олж мэдлээ. Онцгүй сэтгэгдэл төрлөө, тоглоомыг хогийн саванд хийсэн, мөн нийтийн тээвэрт мөнгө төлж, рекламаа тавиулсан байсныг нь бас хуулууллаа” гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичиж, гэрэл зургийн хамт нийтэлжээ.

Энэ үйлдэл нь ЛГБТИК+ хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний ялгаварлан гадуурхалтаас ангид байх, халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтой зөрчсөн” гэх мэдээллийг Комисст гаргаж, зөрчигдсөн хүний эрх, эрх чөлөөг сэргээж өгөхийг хүссэн байна.

Мөн “ЛГБТ Төв” ТББ-аас энэ талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэжээ.

Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дараах арга хэмжээг авахыг шаардаж байна.

  1. Бэлгийн цөөнх хүмүүсийг ялгаварлан гадуурхсан шинжтэй үзэл бодол нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн үйлдэлдээ олон нийтэд хүртээмжтэй арга хэлбэрээр, нэн даруй уучлалт гуйхыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд даалгах
  2. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад бэлгийн цөөнх хүмүүсийн хүний эрх, амьдралын нөхцөл байдал, ялгаварлан гадуурхахгүй байх зарчим, хэм хэмжээ, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар танилцуулга, мэдээлэл хийх;
  3. Бүрэн эрхийнхээ хүрээнд “ЛГБТ Төв” ТББ-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар зохистой бусад арга хэмжээг авахуулах

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлнэ үү” хэмээжээ.