ВИДЕО: Халх гол дэхь шинэ сум маргааш нээлтээ хийнэ

ВИДЕО: Халх гол дэхь шинэ сум маргааш нээлтээ хийнэ

Энэ өдрүүдэд манай улс Халх голын байлдааны 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг ойн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Халх голын байлдааны түүхт 80 жилийн ойн хүрээд манай улсад маргааш нэг өдрийн айлчлал хийгээд буцах юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр Халх гол суманд очиж Халх голын байлдаанд амиа өргөсөн цэргүүдийн гэгээн дурсгалд зориулж цэцэг өргөхийн сацуу "Шинэ сум" төслийн бүтээн байгуулалттай танилцах юм.

Өнгөрсөн жил эхлүүлсэн шинэ сумын бүтээн байгуулалтын ажил дуусаж маргааш нээлтээ хийх аж. 

Тэнд “Нутгийн удирдлагын ордон”, 250-300 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 640 хүүхдийн  сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламжийг шинээр  ашиглалтад оруулж байгаа аж. Ингэхдээ дэд бүтцийн асуудал, халуун хүйтэн ус, ариун цэврийн байгууламж, дотоод засал, сагсан болон хөл бөмбөгийн талбай, зам, автомашины зогсоол гэх мэт гаднах тохижилтыг хамтад нь шийджээ. “Шинэ сум” цогцолборын  төв хэсэгт Халх голын байлдааны ажиллагааг удирдсан ЗХУ-ын маршал Г.К.Жуков жанжны морьт хөшөөг байрлуулжээ.  Хөшөөн дээр “Эрхүүгийн ард түмнээс ах дүү Монголын ард түмэнд дурсгав” хэмээн сийлжээ.

1976 онд ЗХУ-ын /тэр үеийн нэрээр/ тусламжаар Халх гол суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүхий  иж бүрэн сум байгуулж өгсөн түүхтэй. Өдгөө цаг хугацааны уртад хуучирч муудсан хэдэн байшин, ихэнх нь нурж алга болж хуучин балгасууд болсон учраас ийнхүү шинэчилж байгаа юм.