ТОДРУУЛГА: Хөшигийн хөндий хүртэлх зам хурдны зам биш, жолооч нар хурд хэтрүүлж байна

ТОДРУУЛГА: Хөшигийн хөндий хүртэлх зам хурдны зам биш, жолооч нар хурд хэтрүүлж байна

Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал хүртэл 32.2 км авто замын бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлж, энэ оны долдугаар сарын 05 /2021.07.05/-ны өдөр нээлтээ хийсэн.

Тус авто замыг эх сурвалжууд, “Монголын анхны хурдны зам” гэж тодотгох нь бий. Тэгвэл Тээврийн прокурорын газрын эх сурвалжууд, “Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал хүртэл 32.2 км авто зам нь хурдны зам биш тууш зам” болох талаар Өдрийн сонинд тайлбар өгчээ.  

Тодруулбал, “Хөшигийн хөндий рүү чиглэсэн 32.2 километрийн урттай авто зам бол тууш зам юм. Зарим жолооч нар уг авто замыг хурдны зам гэж ойлгоод байдаг. Тууш замд хурдны дээд хязгаарыг зааж өгдөг бол хурдны замд хурдны доод хурдыг зааж өгдөг. Иймд жолооч нар хурд хэтрүүлэх тохиолдол их гарч байна” гэжээ.

Мөн "суудлын тээврийн хэрэгсэл дээд тал нь 100 км цаг хүртэлх хурдтайгаар тууш замыг туулах ёстой. Хэрэв хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцож байгаа. Тодруулбал, замын камерын тусламжтайгаар тууш замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн орж байгаа цагийг бүртгэж, замын төгсөлд хүрэхэд гарч байгаа цагийг бүртгэснээр зорчих явцдаа хурд хэтрүүлсэн эсэхийг хэмжиж байгаа” хэмээжээ.