Завхан аймагт 30 орчим шувуу үхэж, 20  гаруй жигүүртэн өвчилжээ

Завхан аймагт 30 орчим шувуу үхэж, 20 гаруй жигүүртэн өвчилжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумаас баруун зүгт нэлээд зайтай Онц багийн нутагт байдаг, Ховд аймгийн Дөргөн нууртай залгаа орших Бага нуурын эрэгт олон тооны шувуу учир битүүлгээр үхсэн байжээ. Тус сумын Засаг дарга Ч.Батдөл энэ талаар онцгой байдлын байгууллагад “Усны 30 орчим шувуу үхэж, нэмж 20 гаруй жигүүртэн өвчилсөн байна” хэмээн мэдэгдсэн аж. Түүний мэдээллийн дагуу Завхан аймгийн Онцгой комисс өнгөрсөн бямба гарагт хуралдаж, Цагдаа, Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн алба, Эрүүл мэнд, байгаль орчин, Ус, цаг уурын байгууллагын ажилтнуудыг энэ сарын 1-нд газар дээр нь ажиллуулсан байна. Тэд үхсэн шувуудаас дээж аваад, булж тухайн орчинд нь ариутгал хийжээ.

Тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорэйшн” компанийнхан химийн хорт бодис ашиглах үйл ажиллагаандаа хяналт тавиагүйн улмаас цианит натритай усанд нь болжморын төрлийн шар хацарт чагнуухай хэмээх 1000 орчим шувуу хордсон хэрэг 2014 онд гарч байсан ч тэгсхийгээд намжсан билээ. Түүн шиг үйл явдал болсон юм биш биз гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа аж. Уг явдлаас хойш хөрсөнд цианит натри нэг бус удаа алдсан хэрэг гарч байсан ч тухай бүр нь дарсаар, хариуцлагаас мултарсаар ирсэн гэх зарим хэвлэлд бичсэн байна.