"Дундговь аймагт 29 настай Н-г урьдчилан төлөвлөж, санаатай амь насыг хөнөөсөн байж болзошгүй" гэв

"Дундговь аймагт 29 настай Н-г урьдчилан төлөвлөж, санаатай амь насыг хөнөөсөн байж болзошгүй" гэв

Өнгөрөгч долоо хоног буюу энэ есдүгээр сарын 24-ны баасан гарагт /2021.09.24/ бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан иргэний цогцос олдсон хэрэг гарсан. Тодруулбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд ашиглагдахаа больсон хуучин уурхайн нүхэнд толгой, хүзүү хэсэгтээ шарх авсан эрэгтэй хүний цогцос олдсон байдаг.

Иймд бид хүний амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй учир  шалтгаан зэргийг зарим эх сурвалжуудаас тодруулж дараах мэдээллийг бэлтгэлээ. 

-ТАЛИЙГААЧИЙГ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД БОЛОН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД ЭРЭН ХАЙЖ БАЙЖЭЭ-

Талийгаач нь Дундговь аймгийн харьяат иргэн 29 настай эрэгтэй Н байсан бөгөөд тэрээр анх есдүгээр сарын 08-ны өдөр /2021.09.08/ мотоциклоо унаж гэрээсээ гараад ор сураггүй алга болж эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран эхлүүлээд байжээ.

29 настай эрэгтэй Н-г эрэн хайж эхэлснээс 16 хоногийн дараа түүнийг цогцосыг Эрдэнэдалай сумын нутгаас олдож, хэргийг шалгахад урьдчилсан байдлаар тэрээр гаднын нөлөөтэй нас барсныг тогтоосон байна.

Энэ талаар албан бус эх сурвалжийн мэдээллээр, “Талийгаачийн цогцсыг эрэмдэглэж, хэвлийн хэсгийг чулуугаар дүүргэсэн байсан ба гадуур нь борооны цуваар ороож, олсоор хүлсэн байсан” гэсэн юм. Мөн хэргийг шалгах явцад хэргийн газраас хүний татсан тамхины иш, гялгар уут, нүдний дуран гэх мэт зүйлсийг илрүүлж, Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн ажээ.

-ТУС ХЭРГИЙГ УРЬДЧИЛАН ТӨЛӨВЛӨЖ, ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР АМЬ НАСЫГ НЬ ХӨНӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Мөн өөр нэгэн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Хэргийг шалгах явцад гялгар уут, олс зэрэг илэрсэн тул удаан хугацаанд тус хэргийг төлөвлөж, санаатай онц хэрцгий аргаар хөнөөх зорилготой үйлдсэн байж болзошгүй” гэсэн юм.

Одоогоор хэрэг гарсан өдөр, талийгаачийн нас барсан өдөр, цагийг олж тогтоохоор цогцсыг Шүүх шинжилгээний албанд өгөөд байгаа ажээ. 

Мөн татсан тамхины иш хэнийх болох эзэн холбогдогчийг олж тогтоох бөгөөд хэрэгтнийг эрэн сурвалжлаад байсан бол өчигдөр  /2021.09.27/ Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн мэдээлэл хийх үеэр тус хэргийн процессийн талаар мэдээлэл өгсөн юм. Үүнд,  “Энэ 2021 оны есдүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт иргэн Н  29 настай, эрэгтэй нь мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болсон. Уг иргэнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид болон онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран ажиллах явцад 2021.09.24-ны өдөр иргэн Н-ийг нэгэн хиймэл нуурнаас урьдчилсан байдлаар гаднын нөлөөтэй нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б, М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт холбогдуулан мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдэгдсэн юм.

Нөгөө талаар энэхүү хэрэг нь хүний амь насыг онц хэрцгийгээр, нийтэд аюултай аргаар, санаатай алах гэх зүйл ангиар татагдах бөгөөд талийгаачийн ар гэрийнхнийг олж тогтоон маргаантай байсан холбогдогч бүх хүмүүсээс хэргийн талаар мэдүүлэг авах аж.