Б.Болор-Эрдэнэ: Цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулаад хөдөлгөөнд оролцоно

Б.Болор-Эрдэнэ: Цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулаад хөдөлгөөнд оролцоно

Ирэх аравдугаар сарын 1-ээс жолооны үнэмлэхийг биедээ авч явах шаардлагагүй болно. Учир нь, “E-Mongolia” аппликейшны шинэчилсэн хувилбарыг та гар утсандаа суулгаснаар, жолооны үнэмлэхээ эх хувиар нь цахимаар ашиглах боломжтой болох юм.

Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ дараах мэдээллийг хийсэн байна.

ТЭРЭЭР:

“e-Mongolia” систем нь өнөөдөр 1.9 сая хэрэглэгчдэд давхардсан тоогоор 4.8 сая үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна. Мөн 1 жилийн хугацаанд төрийн байгууллага руу ирж, буцах зардал, шаардагдах бичих баримт бүрдүүлэх зардал, цаг хугацаанаас үүдэлтэй зардал гээд нийт 46 тэрбум төгрөгийг хэмнэсэн гэсэн тооцоолол гарсан байна. E-Mongolia Version 2.0 буюу шинэчилсэн хувилбар 10 cарын 1-д хэрэглээнд нэвтэрнэ. Монгол Улсын иргэн дунджаар 10 гаруй бичиг баримттай байдаг. E-Mongolia v2.0 -д жолооны үнэмлэх цахимжсан байна.

Жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжсэнээр та жолооны үнэмлэхээ мартсан тохиолдолд “e-Mongolia” гар утасны аппликейшн рүү нэвтрэн орж, цахим жолооны үнэмлэхээ замын цагдаад шалгуулан, хөдөлгөөнд оролцох боломжтой болно.

Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм. Цаашид улам хялбараар бичиг баримтаа ашиглах шинэ боломжууд бүрдсээр байх болно” хэмээжээ.