No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилсан ч, удалгүй шүүхээс тэднийг 30 хоног хорих шийдвэрийг гаргасан.
Харин Э.Одбаяр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад байгаа юм. Учир нь тэрээр өөрийг нь 30 хоног саатуулах шүүхийн шийдвэр гарсныг мэдээгүй гэж буй. Мөн тэднийг Эрүүгийн хуулийн 23.1-д заасан “1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн...” гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдэгдсэн.
Харин цагдаагийн байгууллагын энэхүү мэдээлэлд зарим иргэд дургүйцэж, “Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд цагдаа хүч хэрэглээд, дараа нь өөрсдийгөө гэмтэж хохирсон мэтээр гүтгэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл Э.Одбаяр, Б.Монголхүү нарын залуусыг шалгах “цагдаагийн ажлын хэсэг” гарсан байна. Тодруулбал, Мөрдөн байцаах газрын онцгой субъектийг шалгах хэлтэс дээр н.Энхамгалан гэх алба хаагчаар ахлуулсан ажлын хэсэг гарч, тус асуудлыг шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.