Хил зөрчсөн БНХАУ-ын иргэнийг “Улаанбаатараас 2 жил хаашаа ч явахгүй байх” гэсэн зорчих эрхийг нь хасах ялаар шийтгэжээ

Хил зөрчсөн БНХАУ-ын иргэнийг “Улаанбаатараас 2 жил хаашаа ч явахгүй байх” гэсэн зорчих эрхийг нь хасах ялаар шийтгэжээ

Өнгөрөгч есдүгээр сарын 21-ны өдөр Дорноговь аймгийн Зам-Үүд сумын хэсгээр БНХАУ-ын иргэн манай улсын хилийг зөрчсөн хэрэг гарсан байдаг.

Энэ талаар ХХЕГ-ийн хурандаа Д.Энхтайван, “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг,  хилийн дугаар тэмдгийн чиглэлээр энэ сарын 21-ний өдөр гадаадаас дотоод руу явсан нэг явган хүний мөр илэрч үүссэн цагийн байдлын дагуу хилийн эрэл зохион байгуулахад улсын хилээс 7.6 км газарт хил зөрчигч нуудаж байсныг хилчид илрүүлэн саатуулсан.  Уг хил зөрчигч иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга болон БНХАУ-ын мөнгөн тэмдэгт зэргийг биедээ авч явсан” гэж мэдээлсэн.

Тэгвэл тус хэргийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад аймгийн Баарин хошуунд оршин суудаг Өвөрмонгол үндэстэн, тодорхой эрхэлсэн ажилгүй Цай Пинг гэх эр үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Харин тэрээр, “Монгол найз бүсгүйтэйгээ уулзахаар хил нэвтэрсэн” гэж мэдүүлсэн талаар эх сурвалж мэдээлжээ. Ингээд түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж, өнгөрөгч долоо хоногт болсон шүүх хурлаар түүний зорчих эрхийг 2 жилийн хугацаанд хасах ял оногдуулсан байна.

Үүнийг зарим эх сурвалжууд  Цай Пингид оногдуулсан ялыг “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хоёр жилийн хугацаанд хаашаа ч явахгүй байх гэсэн зорчих эрхийг нь хасах ялаар шийтгэсэн” гэж тайлбарлаж байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 19.14-1 д, “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.