ШҮҮХ ХУРАЛ: Хил зөрчсөн БНХАУ-ын иргэн "Эхнэр, хүүхэдтэйгээ уулзахаар МУ-ын хилийг хууль бусаар нэвтэрсэн" гэж мэдүүлжээ

ШҮҮХ ХУРАЛ: Хил зөрчсөн БНХАУ-ын иргэн "Эхнэр, хүүхэдтэйгээ уулзахаар МУ-ын хилийг хууль бусаар нэвтэрсэн" гэж мэдүүлжээ

Өнгөрөгч есдүгээр сарын 21-ны өдөр /2021.09.21/ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэсгээр БНХАУ-ын иргэн манай улсын хилийг зөрчсөн хэрэг гарсан байдаг. Тэгвэл тус иргэнийг Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын эсрэг хэрэг үйлдсэн хэмээн саяхан өнгөрөгч долоо хоногт шүүхээр шийдвэрлэж ял оноожээ.

Тодруулбал, БНХАУ-ын иргэн С.Ц нь тус өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг,  хилийн ... дугаар тэмдгийн чиглэлээр энэ сарын 21-ний өдөр гадаадаас дотоод руу явсан байжээ. Ингээд үүссэн цагийн байдлын дагуу хилийн эрэл зохион байгуулахад улсын хилээс 7.6 км газарт хил зөрчигч нуудаж байсныг хилчид илрүүлэн саатуулжээ. Уг хил зөрчигч нь иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга болон БНХАУ-ын мөнгөн тэмдэгт зэргийг биедээ авч явсан гэдэг.

Мөн тус хэргийг илрүүлсэн 0108 дугаар ангийн алба хаагчид хэргийн талаар мэдүүлэхдээ, “Хил зөрчигчийг мөрөөр нь хайж байх явцад хоёр тийшээ явсан мөр таарсан. Бид гурав салж яваад хил зөрчигчийг бутны ард нуугдаж доош суусан байхад нь илрүүлсэн. Халдвар хамгааллын дэглэмийг баримталж зайнаас харьцсан бөгөөд ямар зорилгоор явж байгаа талаар асуухад,  тэрбээр, “Би Өвөр монгол хүн. Эхнэр хүүхэд дээрээ очих гэж явна” гэж хариулсан. Монголоор сайн ярьж байсан” гэжээ.

ЭРЭГТЭН С.Ц НЬ МОНГОЛД ХОЁР БҮСГҮЙТЭЙ ХАРЬЦАЖ ХОЁУЛАНТАЙ НЬ ХАМТ АМЬДАРНА ГЭЖ ХЭЛСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Эх сурвалжийн мэдээллээр БНХАУ-ын иргэн С.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ, “Би эхнэр Б болон хоёр хүүхэдтэйгээ уулзахаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн. Би өөрийн гэм буруугаа бүрэн дүүрэн ухамсарласан” гэсэн утга бүхий мэдүүлэг өгсөн хэдий ч тус шүүх ажиллагааны үеэр хэргийн гэрч бүхий Монгол улсын хоёр иргэн мэдүүлэг өгөхдөө хоёулаа хэрэгтэн С.Ц-тэй хамт амьдрах болон хайр сэтгэлийн холбоотой гэх утга бүхий зүйл мэдүүлжээ.

Учир манай улсын иргэн Д өгсөн мэдүүлэгт, “Би С.Ц гэдэг хүнийг танина. Бид фейсбүүк найз болохоор Монголд 2019 онд ирэхэд нь нэг их итгэж уулзаагүй. Яваандаа бид хоёрын харилцаа гүнзгийрсэн бөгөөд Ц надад “чи урилга явуулаад намайг татаад Монгол руу дуудаач” гэж байсан. Би бүтэн 2 жил хөөцөлдөж үзсэн ч болохгүй байсан.

Түүнийг Монголд ороод ирвэл бид хоёр хамт амьдрах хүсэлтэй байгаа. Мөн би түүнийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж байгаа талаар мэдэж байсан.

Саяхан есдүгээр сарын эхээр Ц надад “зөндөө урт хугацаанд хилээр гарах гэж хөөцөлдлөө, ямар ч арга байхгүй байна, энэ ковид чинь 2025 он хүртэл үргэлжлэх юм байна, тэр болтол хил нээгдэхгүй, хил нээхийг хүлээсээр байтал амьдрал ахуй хэцүүдлээ, тийм учраас сүүлийн арга хэмжээ хил зөрчих санаа байна, аз байвал чам руу очно” гэж хэлэхээр нь би тухайн үед зөвшөөрөөгүй түүнд улсын хил аюултай, хэрэггүй гэж хэлсэн тэгэхээр нь би “тэгвэл хоёулаа харилцаагаа дуусгая, амьд явж байвал болно шүү дээ” гэж хэлсэн. Би ч тухайн үед тоглоод байна гэж бодсон чинь хэдэн өдөр таг чиг алга болсон. Ямар ч байсан хил гарчихлаа гээд над руу хятад дугаараасаа залгаад утас нь тасарсан” гэжээ.

Харин түүний эхнэр гэж мэдүүлсэн иргэн Б нь мөрдөн шалгах ажиллагаанд, “Ц-тэй бид хоёр анх фейсбүүкээр танилцсан. Үүнээс хойш харилцаатай болсноор 3 жил гаран болж байна. Надад их тус болсон. Хүн чанар сайтай. Тэгээд л ярьж харилцсаар байгаад хайр сэтгэлийн харилцаатай болсон. Бид 2 хамт амьдраад 3 сар орчим болсон. Би Ц-н хамт Эрээн хот руу хэдэн удаа явж байсан. Уг нь цаашаа Өвөр монгол руу аав ээж рүүгээ явна гэж байгаад чадаагүй. Тэгээд нэг урагшаа явчихаад буцаад ороод ирсэн чинь хил хаагаад Ц маань наашаа ирж чадаагүй Хятадад байгаа. Ц наашаа ирмээр байна. Яаж ийж байгаад очно гэж ярьдаг байсан. Хятадын хилийг зөрчөөд гарахад Монголчууд маань намайг буудчихгүй байх гэж байсан удаа бий. Би хил зөрчиж Монгол руу орж ирнэ гэж мэдээгүй... тоглоод байна гэж бодсон чинь сая хил зөрчсөн байна” гэжээ.

-ШҮҮХЭЭС ХЭРЭГТЭН Ц-Д ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААГААР УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ӨӨР ГАЗАРТ ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРДАХ ЯЛ ОНООЖЭЭ-

Шүүхээс БНХАУ-ын иргэн С.Ц-г Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэх мэтийг харгалзан үзэж тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна хэмээжээ.

Иймд түүнийг Монгол Улсын иргэн Б-тай хамтран амьдарна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчтай тохирсон ял болох 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар шийдвэрлэсэн байна.