УИХ-ын гишүүн П.Анужинг эрх мэдлээ урвуулан ашиглаж, БЗД-ийн байрлах нийтийн эзэмшлийн талбайд барилга барьсан байж болзошгүй асуудлаар АТГ-т шалгаж байгаа гэх мэдээлэл гараад байна.
Тодруулбал, П.Анужин УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч тус дүүргийн IV хороонд байрлах “ЛҮНДА” гэх төвийг нийтийн эзэмшлийн талбайд барьсан гэх гомдол АТГ-т ирсэн аж.
“ЛҮНДА” гэх төв нь 10 гаруй жилийн өмнө баригдсан бөгөөд одоо бильярдын клуб, паб, авто худалдааны төв үйл ажиллагаа явуулдаг байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус төв олон хүний гар дамжиж явсаар УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүгийн эзэмшилд очсон гэх. Харин Р.Будтай УИХ-ын гишүүн П.Анужин аав, охины холбоотой гэдгээ өмнө нь хэлж байсан удаатай. Тиймээс нэр бүхий иргэд П.Анужинг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж тус газрыг авсан гэх үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлт илгээсэн байж болзошгүй байна.