No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Харин зарим иргэд, “үзэл бодлоо илэрхийлсэн залууст цагдаа хүч хэрэглэчхээд дараа нь өөрсдөө гэмтэж, бэртсэн мэтээр тэднийг гүтгэж байна” хэмээн байр сууриа илэрхийлж буй.
Харин Э.Одбаяр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдсон өдрөөсөө эхлэн нойтон өлсгөлөн зарлаж эхэлсэн. Иймд 22 өдрийн турш өлсгөлөн зарлаад буй Э.Одбаярын бие муудсан гэх мэдээлэл байгаа юм.
Энэ талаар бид түүний эхнэр Н.Өнөрчимэгээс тодруулахад тэрээр, “Өнгөрсөн баасан гараг /2021.10.23/-т болсон цагдан хорионы шүүх хурал дээр Э.Одбаярын шинжилгээг нь харчихаад прокурорынхон “хэвийн гэж байна шүү дээ. Жингийн алдагдал явж байгаан юм байна” гээд тоохгүй байсан юм. Гэтэл өчигдөр /2021.10.26/-өөс эхлээд “ар гэрийнхэн нь уулзаад Э.Одбаярыг өлсгөлөнгөө зогсох талаас нь хэлээд өгөөч” гээд эхэлсэн.
Өнөөдөр /2021.10.27/ бас прокурор дээр уулзалтын бичиг авах гээд намайг зогсож байтал 461 дүгээр анги дээрх хэрэг хариуцсан прокурор нь бас надтай уулзаад, “Э.Одбаярын биеийн байдал, шинжилгээний хариу нь их муу гарсан байна. Өлсгөлөнгөө зогсоох талаас нь хэлээд өгөөч” гэлээ. Тэгэхээр нь өнгөрөгч баасан гарагт та нар хэвийн байна гээд тоохгүй байсан шүү дээ. Хэдхэн хоногийн дараа ямар эрсдэл гархийг нь бид мэдээд хүнээ авая, цагдан хориог нь өөрчлөөд өгөөч гээд хүсэлт өгсөн шүү дээ хэллээ” гэв.