Баянзүрх дүүрэг /БЗД/-ийн 26 дугаар хороонд энэ оны гуравдугаар сарын 17 /2021.03.17/ -ны өдөр засаг дарга Н.Баярмөнхийн захирамжаар гэнэт хатуу, хөл хорио тогтоож байв. Харин гэнэтийн энэхүү хөл хорионы үеэр БЗД-ийн 26 дугаар хорооны "Элизабет" хотхоны … дугаар байрны 15 давхрын цонхоор нэгэн эмэгтэй унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймд энэхүү хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээллийг бид нэхэн сурвалжиллаа.
-ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ЭЭЖИЙГ ҮХЭЛД ХҮРГЭСЭН Б-Д ЗУРГААН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖ, ХОЁР ЖИЛИЙГ ӨРШӨӨЛД ХАМРУУЛЖЭЭ-
"Элизабет" хотхоны байрнаас унаж нас барсан эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа хохироосон болох нь тогтоогдсон байдаг. Тэгвэл тус эмэгтэйн гэр бүлийн хүн болох Б-г гэмт хэрэгт буруутайд тооцож, 6 жилийн хорих ял оноосон байна. Тодруулбал, Эл хэргийн шүүх хурал өнгөрсөн долоодугаар сарын 20 /2021.07.20/-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Шүүхээс шүүгдэгч Б-г “Гэр бүлийн харилцааны улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ял оноож, хоёр жилийг өршөөлийн хуульд хамруулсан байна. Улмаар эдлэх ялыг дөрвөн жилээр тогтоож, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэх шүүхийн шийдвэр гарчээ.
-ХОХИРОГЧИЙН ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ Н: ЭГЧ МИНЬ БАЙНГЫН ДАРАМТАНД БАЙСАН ТАЛААР БЗД-ИЙН ЦАГДААД ӨРГӨДӨЛ ГАРГАХААР БЭЛДЭЖ БАЙСАН Ч ХӨЛ ХОРИОНООС БОЛООД ӨГЧ ЧАДААГҮЙ-
Дээрх хэрэг ийнхүү эцэслэгдсэн ч шүүхийн шийтгэх тогтоолд анхаарал татаж, хардлага, харуусал төрүүлсэн мэдээлэл байх аж. Тодруулбал, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “Эгч нь байнгын дарамтанд байсан. Улмаар гуравдугаар сарын 9-ны өдөр амиа хорлох тухай гэрээслэл бичиж байсныг онцлоод энэ талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргахаар бэлдэж байсан ч цар тахал өвчний улмаас 26 дугаар хороонд хатуу хөл хорио тогтоосон тул цагдаад хандаж чадаагүй” талаар дурджээ.
Үүнээс харахад тухайн үед Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнхийн захирамж гаргаж хөл хорио тогтоогоогүй байсан бол талийгаачийн гэр бүлийнхэн үүссэн нөхцөл байдлыг цагдаад хандаж, тухайн эмэгтэй амь насаа алдахгүй байх боломж байсан уу гэх хардлага, харуусал төрж буй юм.
-БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАЯРМӨНХИЙН ЗАХИРАМЖ ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЧ, ЦУЦЛАГДАЖ БАЙВ-
Тэгвэл хөл хорио тогтоох захирамжийг хэн, хэзээ гаргаж байв. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоох захирамжийг тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх гаргажээ. Тэрбээр захирамждаа “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар голомтлон гарах эрсдэл үүссэн тул 2021 оны гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас 21-ний 23 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосугай” хэмээсэн байна. Гэсэн ч эл хөл хорио нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар хөл хориог нэг хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 20-ны өдөр цуцалж байв.
-26 ДУГААР ХОРООНД ХӨЛ ХОРИО ТОГТООСОН НЬ ЭМЭГТЭЙ АМИА АЛДАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛСЭН ТАЛААР ИРГЭД ХЭЛЖ БАЙВ-
Хөл хориог цуцлахыг шаардсан иргэдийн эсэргүүцэл хэрхэн өрнөв. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөл хориотой зэрэгцэн тус хороонд байрлах “Элизабет” хотхоны байрнаас эмэгтэй унаж амь насаа алдсан нь олон нийтийг цочирдуулж, албаныханг түргэн авахуулсан. Тодруулбал, тус хороонд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгалан, Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл нар газар дээрээ нь очиж, иргэдтэй уулзаж, хөл хориог цуцлах талаар мэдэгдэв.
Энэ үеэр иргэд "Манай хороонд хөл хорио тогтоосноос болж хүний амь нас эрсэдлээ. Цаашид ч хөл хориогоо сулруулахгүй бол иргэд амь насаа золиослохыг үгүйсгэхгүй. 26 дугаар хороонд ердөө 54 халдвар бүртгэгдсэн байна. Гэтэл 35 мянган хүний амьдралаар ингэж тоглож болохгүй. Хөл хориогоо сулруул" гэдгийг шаардсан байна. Харин УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгалан "Хөл хориог сулруулах захирамжийг дүүргийн Засаг дарга гаргасан. Тиймээс одоо дүүргийн Засаг даргатай уулзаж, гаргасан захирамжаа цуцлах талаар ярилцах болно. Өнөөдөртөө багтааж захирамж гаргана" гэдгийг мэдэгдсэн байдаг.
-“БЗД-ИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАЯРМӨНХӨД ЯМАР Ч ХАРИУЦЛАГА
ТООЦООГҮЙ” ГЭВ-
Тэгвэл дээрх хэрэгтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх ямар нэгэн хариуцлага хүлээсэн эсэх талаар албаны эх сурвалжаас бид тодруулахад “БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх тухайн үед хөл хорио тогтоосон нь үнэн. Гэхдээ энэ нь түүнд хариуцлага тооцох үндэслэл болохгүй учир ямар нэгэн хариуцлага тооцоогүй” гэсэн юм. Угтаа дээрх хөл хорио нь үр дүнгүй байсан болох нь өнөөдрийн халдварын нөхцөл байдлаас илхэн харагдах. Харин тухайн үед хөл хорио тогтоогоогүй байсан бол өнөөдөр нэгэн ээж дөрвөн сайхан хүүхэдтэйгээ элэг бүтэн байх боломж байсныг үгүйсгэхгүй юм.