Иргэн н.Чинбатад яллах дүгнэлт гардуулахын тулд НПГ-ынхан "УЛААН БҮС"-рүү нэвтэрчээ

Иргэн н.Чинбатад яллах дүгнэлт гардуулахын тулд НПГ-ынхан "УЛААН БҮС"-рүү нэвтэрчээ

"No double standart" иргэдийн хөдөлгөөний гишүүн н.Чинбат тус хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг суллахыг шаардаж, Төв талбай дээр өлсгөлөн зарлаад байсан билээ. Гэвч тэрбээр коронавирусийн халдвар авч Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн. 

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас түүнд яллах дүгнэлт үйлдэж, улмаар өчигдөр  /2021.10.28/ "Улаан бүс"-д прокурорын алба хаагч очиж гардуулан өгсөн байна.

Тэрбээр энэ талаар "Нийслэлийн прокурорын газраас улаан бүс рүү орж ирж, яллах дүгнэлт гардуулж байна. Их л яаралтай ажиллагаа явж байна даа. Шуурхайлсан" хэмээн цахим хуудаснаа бичжээ. Харин түүний энэхүү мэдээллийн дараа Улсын Ерөнхий прокуророос түүнтэй холбогдож, "Улаан бүсэд орж, яллах дүгнэлт гардуулсан прокурорыг шалгаж байгаа" талаар мэдээлжээ. Коронавирусийн халдвар газар авч, цар тахлыг даван туулахаар иргэн бүр хичээж байгаа энэ үед энэ мэтээр Улаан бүсэд орж, яллах дүгнэлт гардуулж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна. Сүүлийн үед улстөрчид Цахим үндэстэн хэмээн цээжээ дэлдэж, баяр хүртэл тэмдэглээд авсан. Гэтэл начир дээрээ энэ мэт яллах дүгнэлтийг цахимаар явуулж дөнгөхгүй, улаан бүсэд хүртэл нэвтэрч, халдвартай иргэнд гардуулж байгаа нь үнэхээр харамсалтай юм.