ВИДЕО: Цагдаагийн алба хаагчийг мөргөж, амь насанд нь заналхийлсэн иргэний автомашин Беларусын Элчин сайдын яамных байжээ

2021-11-01 15:48

ГХЯ: Беларусийн элчин сайдын яамнаас “нот бичиг” ирсэн. Асуудлыг шалгуулахаар ЦЕГ-т хандаад байна

Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагчийг дипломат дугаартай автомашинаараа түрж, амь насанд нь заналхийлсэн байж болзошгүй бичлэг цахим сүлжээнд цацагдаад буй.

Харин тус автомашин нь Монгол Улсад суугаа Беларусь улсын элчин сайдын яамны автомашин байсан талаар бид өнөөдөр эх сурвалжуудаас тодруулж мэдээлсэн.

Иймд тус асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, “Монгол Улсад суугаа Беларусь улсын элчин сайдын яамнаас дээрх асуудалтай холбогдуулж манай яаманд “нот бичиг” ирүүлээд байна. Учир нь дипломат албаны автомашин халдашгүй байх ёстой. Гэтэл тээврийн цагдаагийн алба хаагч тус автомашиныг зогсоох гэсэн байна. Иймд ямар шалтгааны улмаас тус автомашиныг зогсоох болсон зэргийг нь тодруулж, шалгуулахаар ГХЯ-наас ЦЕГ-т “албан хүсэлт”-ийг хүргүүлээд байна” гэсэн мэдээллийг өглөө.  

2021-11-01 11:19

ВИДЕО: Цагдаагийн алба хаагчийг мөргөж, амь насанд нь заналхийлсэн иргэний автомашин Беларусын Элчин сайдын яамных байжээ

Замын цагдаагийн алба хаагчийг автомашинаараа мөргөж, цагдаагийн биед халдаж байгаа бичлэг энэ амралтын өдрүүдэд олон нийтэд цацагдсан.

Тэгвэл тухайн автомашин нь ДК дугаартай дипломат төлөөлөгчийн газрын автомашин байжээ. Тодруулбал, тухайн автомашин нь Беларус улсын Элчин сайдын яамны машин байсан бөгөөд уг хэрэг Гадаад харилцааны яамны уулзвар дээр гарсан талаар эх сурвалж мэдээлэв. 

Харин энэхүү хэргийн талаар Замын цагдаагийн албанаас тодруулахад "Энэ нь дипломат албаны автомашин байсан учраас эл хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өгнө" гэх тайлбарыг өглөө.

Тиймээс Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Дипломат төлөөлөгчийн газар болон ДК дугаартай автомашин нь халдашгүй эрхтэй байдаг. Тиймээс Замын цагдаагийн алба хаагч шууд арга хэмжээ авах боломжгүй. Гэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учраас эл асуудлаар Гадаад харилцааны яаманд албан бичиг хүргүүлсэн. Тэндээс албан ёсны мэдээлэл ирэхээр олон нийтэд мэдээлэх болно" гэх тайлбарыг өгөв. 

Ташрамд өгүүлэхэд, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дмитрий Горелик Источник ажилладаг юм. 

Ямартай ч халдашгүй эрхээ хэтрүүлэн эдлэж, Монгол Улсын Замын цагдаагийн алба хаагчийн биед халдсан эл хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр хулгана өдөр

26 минутын өмнө