Галт уулын дэлбэрэлтэд өртөж, сүйрсэн эртний Ромын Помпей хотын боолуудын амьдралын нөхцөл байдлыг харуулах ор болон бусад эд зүйлийг агуулсан 15 метр талбай бүхий өрөөг археологичид илрүүлжээ. Маш сайн хадгалагдан үлдсэн тус өрөөнд гурван модон ор, керамик сав, тасалгааны сав зэрэг хэд хэдэн эд зүйл байсан аж.
Археологичид орны дээрээс морины уяаны нэг хэсэг байж болох төмөр болон даавуун эд зүйлс агуулсан модон авдар олсон бол нэг орон дээрээс тэрэгний гол илрүүлсэн байна.
Орнуудын хоёр нь 1.7 метр (5.6 фут) урт, гурав дахь нь ердөө 1.4 метр (4.6 фут) байсан нь энэ өрөөг боолын гэр бүл ашиглаж байсан байж болзошгүйг харуулж байна гэж Ромын Соёлын яам мэдэгджээ.
"Боолын өрөө" нь эртний Помпейн хананаас хойд зүгт 2300 фут зайд орших Сивита Жулиана дахь эртний виллагийн жүчээний дэргэдээс олдсон байна. Энэ оны эхээр тус газрын ойролцоо ёслолын сүйх тэрэг мөн олдож байв.
Италийн Соёлын сайд Дарио Франчечини "Энэхүү олдворууд нь эртний Помпейчуудын өдөр тутмын амьдралын тухай ойлголтыг баяжуулж, ялангуяа нийгмийн анги давхаргын ялгааг харуулах нээлт боллоо” гэжээ.
Неаполь хотоос зүүн өмнө зүгт 14 милийн зайд орших Помпей хот нь МЭ 79 онд атомын бөмбөгтэй тэнцэх хэмжээний галт уулын дэлбэрэлтэд өртсөн. Тухайн үед тус хотод 13 мянган хүн амьдардаг байв.
Эх сурвалж: CNN