2020 оны эхэн үед БНХАУ-ын Ухань хот коронавирусийн голомт болж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байв. Энэ үед хотын нөхцөл байдлыг анх газар дээрээс нь сурвалжилсан сэтгүүлч Жан Жаныг БНХАУ-ын эрх баригчид баривчлаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна.
Сэтгүүлч Жан Жан баривчлагдсаныхаа дараа хэд хэдэн удаа өлсгөлөн зарласан. Тэгвэл түүний биеийн байдал маш хүнд, “үхлийн ирмэгт” байгаа талаар ойр дотнын хүмүүс нь мэдээлжээ. Үүнтэй холбоотой АНУ түүнийг суллахыг Хятадын эрх баригчдаас хүссэн байна.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс “Жан Жаныг дур зоргоороо баривчлан саатуулсан болон баривчилгааны үеэр ёс бус харьцсанд бид санаа зовж байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн. Бид Жаныг нэн даруй, болзолгүйгээр суллахыг БНХАУ-д дахин уриалж байна" гэжээ.
Өдгөө 38 настай Жан нь 2020 оны хоёрдугаар сард коронавирусийн дэгдэлтийн үеэр Ухань хотод өөрийн биеэр очиж, бодит нөхцөл байдал ямар байгаа талаар нийтлэл бичин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээсэн юм. Гэвч түүнийг цар тахлын талаар ташаа мэдээлэл түгээсэн гэх үндэслэлээр 2020 оны тавдугаар сард баривчилсан.
Үүний дараа тэрбээр шоронд өлсгөлөн зарлаж, жингээ огцом хаясан тул Хятадын эрх баригчид гуурс суулган хүчээр хооллосон гэсэн мэдээлэл шуугиан тариад байв.
Эх сурвалж: BBC