Б.Солонго: Трансжендерүүд үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэсэн байсан

Б.Солонго: Трансжендерүүд үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэсэн байсан

Өнөөдөр хэвлэлийнхэн хандаж трансжендер Б.Солонго мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ: “Сүүлийн үед цахим орчинд тавигдаад буй бэлгийн цөөнх хүмүүсийн уулзалтын зураг болон трансжендер хүмүүс яаж амьдарч буй нөхцөл байдал, бидний эрхийг хамгаалж буй байгууллагуудын талаар мэдээлэл өгөх гэж байна.

Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн нэг залуу  өөрийн цахим хуудсандаа трансжендер хүмүүсийн зургыг нийтэлж үс гэзгийг хусна гэж нийгмийг өдөөн турхирсан пост оруулж мэдэгдсэн. Энэ асуудлаар Хүний эрхийн комисс цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллан шалгаж байгаа юм билээ.

Энэ зурагт трансжендер хүмүүс архидаад эсвэл биеэ үнэлээд явж байгаа юм биш. Нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага Босоо хөх Монгол гэх ТББ-тай хамтраад шөнийн сурвалжилга хийж байхад нэг трансжендер охин биеэ үнэлж байгаад баригдсан. Охины утсан дээр байсан зургийг тухайн ТББ-ынхан авч сошиал орчинд цацсан байсан.

Яагаад миний зургийг ингэж сошиал орчинд цацсан болохыг би тухайн ТББ-ын тэргүүнтэй утсаар ярьж асуухад “Хамгийн их олны анхаарлыг татаж, сенсаци тарих хүн чи байсан учир чиний оролцсон зургийг цацсан” гэдэг хариу өгсөн.

Үнэндээ энэ зурагт хүний нүдэнд гаж буруу харагдах зүйл юу ч байхгүй. Энгийн хүмүүс ч бидэн шиг ингээд нийлж нэгдээд ярилцаад суудаг. Бидэнд тансаг зэрэглэлийн газар суугаад ярилцах боломж байдаггүй. Аль нэг жижиг газрын нууцлаг өрөөнд л суухаас өөр аргагүй шүү дээ. Тэр зураг дээр трансжендер хүмүүс амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх караокетэй боллоо гээд л уулзсан зураг. Энэ зурган дээр яг юу нь буруу байгаа юм бэ гэж тэр ТББ-ынхнаас асуумаар байна. Гэтэл яг хажуугийнх нь бааранд энгийн иргэд зодоон нүдээн хийж түүнээс илүү муу зүйл хийж байгаа. Магадгүй трансжендерүүд ийм олон болчихсон байна гэдгийг л харуулахыг хүссэн юм шиг байгаа юм.

-ТЭДЭНД АЖЛЫН БАЙР ОЛДОХГҮЙ БАЙГААГААС БИЕЭ ҮНЭЛЖ БАЙНА-

Бид хэдий трансжендер гэдэг нэг нэршилтэй ч тус тусын зам мөрөөр амьдарч байгаа олон хүн байгаа. Трансжендерүүд биеэ үнэлж байгаа нь үнэн, би өмөөрөхгүй. Тэд нийгмийн хэрэгцээ байгаа учраас л ингээд яваад байна. Тэдэнд ажлын байр олдохгүй байгаагаас, тэднийг авч байгаа хүмүүс байгаа учраас энэ асуудал сөхөгдөөд байна. Тэднийг спонсорлож тэтгээд байгаа хүмүүстэй бас адилхан л хариуцлага тооцож, тэмцэх ёстой. Би трансжендер хүмүүсийг ч энэ асуудалд илүү хариуцлагатай байгаасай гэж хүсэж байна.

Бас нэг эмзэглүүлж байгаа зүйл нь Босоо хөх Монгол ТББ-ын гишүүн анх пост бичихдээ “Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр байна” гэж бичсэн байсан. Нөлөөлж байна гэдгийг Монголын Үндэсний аюулгүй байдлын комиссынхон л гаргах ёстой болохоос ямар нэгэн ТББ-ын гишүүд юуг үндэслэж гаргасан нь мэдэгдэхгүй хэлж болохгүй гэж бодож байна. Үндэсний аюулгүй байдалд трансжендерүүд биш хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ гээд өөр олон хүчин зүйлс нөлөөлж байгаа шүү дээ. Гэтэл трансжендерүүдээр ийм шоу хийж байгаад харамсаж байна гэсэн мэдээлэл өгөв.