Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг яллагдагчаар татжээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг яллагдагчаар татжээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тэгвэл түүнд болон тус аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат нарт Сэлэнгэ аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл Эргэлт.мн сайтын өнөөдрийн дугаарт нийтлэгджээ. 

Тодруулбал,

-Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, хурандаа А.Энхбат нар иргэдийн хууль бусаар түүсэн их хэмжээний дэрвэгэр, жиргэрүү ургамлыг хурааж авсан. Тэгмэгцээ хурааж авсан дэрэвгэр, жирэвгэрээ хамаарал бүхий этгээддээ хямд үнээр худалдан борлуулж, худалдан авсан хамаарал бүхий этгээд нь цааш нь хятадуудад өндөр үнээр дамлан худалдаалж ашиг олсон.

-Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниас 10 сая төгрөгийн авлига авсан.

-Хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшлийн газар дээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниар нийт 200 сая төгрөгийн өртөгтэй элс, хайрга асгуулж, тэгшлүүлж, талбай засуулсан зэрэг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан аж.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нь аймгийнхаа МАН-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 онд МАН олонх болсны дараа Засаг даргаар томилогдож, улмаар өнгөрсөн онд улирсан. Тэрбээр Засаг дарга болсноос хойш авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэг биш удаа нэр холбогдож байсан бөгөөд өнгөрсөн онд түүний албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн гэх мэдээлэл ч гарч байсан билээ.

Тэгвэл “Эрүүл мэндийн шалтгаанаар” гэж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь Сэлэнгэ аймгийн прокурорын газраас түүнд авлига, албан тушаалын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсантай холбоотой гэх мэдээлэл байна.




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө