Талийгаач охины ээж: Өнөөх танхай этгээд охин руу маань “Ингэхийг чинь мэдсэн бол хоёр буу авдаг байж” гэсэн зурвас бичсэн байсан

Талийгаач охины ээж: Өнөөх танхай этгээд охин руу маань “Ингэхийг чинь мэдсэн бол хоёр буу авдаг байж” гэсэн зурвас бичсэн байсан

Өвөрхангай аймгийн Зүүнбаян сумын ахлах ангийн сурагч бусдын гарт буудуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэргийг тодруулбал, аравдугаар сарын 21-ний өдөр тус сумын иргэн 23 настай Б, талийгаач охин О-г дотуур байрнаас нь дагуулан авч явсан байдаг. Улмаар арав хоногийн дараа буюу аравдугаар сарын 31-ний өдөр О толгой тус газраа буудуулан амиа алдсан байдалтай олдсон.

Урьдчилсан байдлаар 23 настай Б гэгч охиныг буудан хөнөөсний дараа өөрийгөө мөн буудаж, амиа егүүтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Одоогоор хэрэг шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд талийгаач охин О-н ээж н.Аюуш “Өдрийн сонин”-д ярилцлага өгч, цахим сүлжээнд түгээд буй буруу ойлголтыг залруулахыг хүсжээ.

Тэрбээр “Тэр өдөр багш нь залгахдаа "утсыг нь хурааж аваад, охиныг тань дотуур байранд нь хүлээлгээд өгчихлөө” гэж хэлсэн юм. Миний тухайд тэгээд л тайвширчихсан. Хамаатнууд нийлж байгаад л охиныг минь хөнөөчихлөө гэж хардаж байгаа. Дотуур байрных нь багшийнх нь нөхөр миний хүүхдийг хөнөөсөн гэх этгээдтэй ойрын хамаатан юм билээ. Ангийн багшийн зүгээс охиныг минь эргүүлээд байсан этгээдийг цагдаад өгөхөөр хандсан талаараа хэлж байсан. Харамсалтай нь байрны багшийн нөхөр нь татгалзаж цагдаа дуудалгүй өнгөрсөн юм билээ...Миний охин өмд цамц, угшаалтайгаа л гарч явсан юм билээ. Айхавтар дарамтад орсон байгаа юм. Гарч явахад коридорын гэрэл унтраасан юм байна лээ.

Ангийн багшид нь дуудагдаад очиход удирдлага болон байрны багш нь нэг их тоохгүй байсан. “Өмнө нь ч дагаад явж л байсан. Тэрийгээ л дагаад явсан. Хайр дурлалдаа шатаж яваа” гээд алга болсон охиныг минь тоохгүй байсан.

Ангийн багш нь миний охины утсыг хурааж авсан байдаг. Асаахад нь өнөөх танхай этгээдээс “ингэхийг чинь мэдсэн бол хоёр буу авдаг байж” гэсэн зурсан ирсэн байж л дээ. Ангийн багш нь гайхтал сургуулийн захирал н.Бодмаа гэж хүн “Ямар юмных нь буу байхав дээ. Пиво бэлгэвчээ л ярьж байгаа юм” гэж багш нарын нүдэн дээр элдэвлэсэн байна лээ.

Охиныг минь хороосон Б-ын тухайд ойрын хугацаанд гэртээ ч орж бараагаа харуулаахгүй юм билээ. Нутгийн айлаас буу, сум авсан зэргээс нь харахад охиныг минь эртнээс л алах зорилготой байсан гэж хардах юм. Ийм аюултай этгээд дотуур байр руу очиход багш нар нь анзаараагүй байна шүү дээ” гэжээ.