СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хүүхдийг минь ална гэж хэллээ” гэснээр шалтаглан маргалдаж, хүний амь насанд хүрчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хүүхдийг минь ална гэж хэллээ” гэснээр шалтаглан маргалдаж, хүний амь насанд хүрчээ

Энэ оны өнгөрсөн долдугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М овогт Б нь амь хохирогч Н-тэй ялихгүй зүйлээс болж маргалдаж, улмаар амь насыг нь хороосон харамсалтай хэрэг гарч, саяхан шүүхээс шийдвэрлэсэн байна. Тус хэргээс болж, нэг хүүхэд өнчирч, нэг хүүхдийн эцэг ялтан болж хоцорчээ. Иймд ард иргэд архи согтууруулах ундааны зүйлийг тохируулж хэрэглэн,өөрийгөө болон өөрийн гэр бүлээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тус мэдээллийг нийтлэв.

“ХҮҮХДИЙГ МИНЬ АЛНА ГЭЖ ХЭЛЛЭЭ” ХЭМЭЭН ДАЙРЧЭЭ

Хэргийг тодруулбал, энэ оны долдугаар сарын 05-06 шилжих шөнө 01:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тус хэрэг гарчээ. Тухайн үед хэрэгтэн Б нь бага зэргийн согтолттой байсан бөгөөд амь хохирогч тэр хоёр хөршүүд тул хааяа хамт ууж, амьдрал ахуйгаа ярилцаж, нэгнийхээрээ орж гардаг л байж. Харин тус гашуун өдөр Б, Н нар цуг ууцгааж байх үеэр мөнгөний асуудал ярилцаж, дараа нь амь хохирогч Н “Би танай хүүхдийг чинь ална шүү” гэснээр Б-ийн уур хүрч улмаар өөрт ойр байсан хутгыг авч, амь насыг нь хороосон байна.

Мөн тус үед хэрэгтэн Б-ийн хүү болох Б.Б нь хамт байсан бөгөөд хэрэг болох үеэр орон дээр цааш харан унтаж байсан тул хэргийг яаж үйлдэгдсэнийг хараагүй гэжээ. Харин хүн хутгалснаа мэдсэн эцэг нь хүүгээ сэрээж эмнэлэг дуудуулсан байна. Хэрэгтэн Б нь ам бүл хоёулаа бөгөөд хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг. Харин амь хохирогч Н нь эхнэр хоёр хүүгийн хамт дөрвүүлээ амьдардаг аж.

Түргэн тусламж ирэх үеэр Н нь амьд байсан бөгөөд эмнэлэгт очиж, 30 минут бололгүй нас баржээ. Тус үеэр Б-г цагдаагийн албаныхан эрүүлжүүлсэн байна. Тус үед тэрбээр шоконд орж, амь хохирогчийг амьд гарахыг залбирч, хүний хүүхдийг өнчрүүлж хоцроохгүйг, өөрийн хүүхдээ ялтан эцэгтэй болгохыг хүсээгүй нь мэдээж. Хэргийн өглөө буюу 06-ны өглөө хэрэгтэн Б-г эрүүлжүүлэх байранд байх үеэр Н-ийг нас барсанг хэлж, цагдан хорьсон байна. 

ТАЛИЙГААЧИЙН ЭХНЭР “ХЭРЭГТЭН Б НЬ БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХОЁУЛХНАА АМЬДАРДАГ ТУЛ БИ ЯМАР НЭГ ЗАРДАЛ МӨНГӨ НЭХЭМЖЛЭХГҮЙ” ГЭЖЭЭ

Харин тус хэргийн ард бүхэл бүтэн хоёр гэр бүлийн амьдрал гашуун зовлонд автаж буй. Эх сурвалжийн мэдээллээр талийгаачийн эхнэр Х нь хоёр хүүхдийнхээ хамт нөхрөө хүлээж байгаад унтаж байх үеэр утас нь дуугарч, нөхрөө хутгалуулсанг мэджээ. Тэр даруй хоёр хүүхдээ хувцаслаж ГССҮТ дээр очсон ч нөхөртэй нь уулзуулах боломжгүй хүлээж бай гэсэн байна. Гэвч 30 минут ч болоогүй нөхрийг нь нас барсанг эмч нар дуулгажээ.

Тэрбээр шүүх хуралдааны үеэр “Хэрэгтэн Б нь бага насны хүүхэдтэйгээ хоёулхнаа амьдардаг тул би ямар нэг зардал мөнгө нэхэмжлэхгүй. Бид хөршүүд. Надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй” гэсэн байна.

Хэрэгтэн Б нь талийгаачийн хүйтэн зэвсгээр хөнөөхдөө амин гол судсыг гэмтээснээр цус алдаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч ямар ч амь насыг нь аврах боломжгүй гэжээ. Иймд хэрэгтэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ.