Д.Бат-Эрдэнэ: "Тэнцэхгүй" гэсэн дүгнэлттэй дарга нар манай төвийг удирдаж байна. АТГ ажлаа хийж, А.Ариунзаяа сайд анхааралдаа аваасай

Д.Бат-Эрдэнэ: "Тэнцэхгүй" гэсэн дүгнэлттэй дарга нар манай төвийг удирдаж байна. АТГ ажлаа хийж, А.Ариунзаяа сайд анхааралдаа аваасай

Одоогоос хоёр жилийн өмнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв ашиглалтад орж байв. Тус төв нь өдөрт 500 хүүхдийг хүлээн авч, сэргээн засах үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх хүчин чадалтай.

Гэвч Монголдоо цор ганц байх хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн удирдлагууд эрх мэдлээ урвуулан ашиглаж танил талаа ажилд авсан, мэргэжлийн алдаа гаргасан, “албан тушаалд тэнцэхгүй” хэмээн АТГ-аас дүгнэсэн байхад хууль бусаар томилогдсон хэргүүдэд холбогджээ.  Энэ талаар бид тус төвийн ажилтан Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-ДЭД ДАРГА НАР ТАНИЛ ТАЛАА АЖИЛД АВСАН, МЭРГЭЖЛИЙН БУС АЛДАА ГАРГАСАН, “АЛБАН ТУШААЛД ТЭНЦЭХГҮЙ” ДҮГНЭЛТ ГАРСАН БАЙХАД ОДООГ ХҮРТЭЛ АЖЛАА ХИЙСЭЭР БАЙНА-

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн удирдлагууд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, мэргэжлийн алдаа гаргасан, “албан тушаалд тэнцээгүй” атлаа томилогдсон гэсэн мэдээллийг бид авсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Нэгдүгээрт, манай төвийн дарга Р.Галбадрах гэдэг хүн “ковидын үеийн дүрэм, журам зөрчиж, ажилчдыг зугаалганд явуулсан, мөн тендер завшсан гэх хэрэгт холбогдож албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. АТГ-аас шалгаж буй ч одоо болтол хариу нь гарахгүй байгаа.

Хоёрдугаарт, дэд дарга Ц.Батчимэгийг АТГ-аас “энэ албан тушаалд тэнцэхгүй” гэж дүгнэсэн байхад удирдах албан тушаалтнаар томилсон. Тодруулбал, АТГ-аас ирүүлсэн албан бичигт “Ц.Батчимэг нь...“Тухайн албан тушаалыг чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх”, “Улсад 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд таваас доошгүй жил, мэргэжлээрээ ажилласан байх” гэсэн тусгай шаардлагыг хангахгүй байна. Иймд Төрийн албаны тухай хууль, тухайн салбарт мөрдөгдөж буй хууль, дүрэм журамд нийцүүлэн сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан, албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан этгээдийг Нийтийн албан албанд томилох тухай Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн санал дүгнэлтийг авч, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана уу” гэж дурдсан байхад одоог хүртэл ажлаа хийсээр байгаа юм.

Мөн дэд дарга Ц.Батчимэг өнгөрсөн жил мэргэжлийн бус алдаа гаргаж, хэвтэн эмчлүүлж байсан хүүхдийн гарыг гэмтээсэн. Энэ бол байж болшгүй зүйл.

АТГ-аас тус төвийн дарга асан Р.Галбадрахад ирүүлсэн бичигт дэд дарга "Ц.Батчимэг нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангахгүй байна" гэжээ

Гуравдугаарт, дэд дарга Ц.Сарантуяа нь өөрийн дүү болон танил талаа ажилд авсан хэргээр одоо АТГ-т шалгагдаж байгаа. Хуулийн дагуу удирдах албан тушаалтан танил тал, ах дүү хамаатан саднаа ажилд авах ёсгүй. Гэтэл түүний эгчийнх хүү Ц. Дугарсүрэн нь манай төвийн хуулийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр мөн АТГ-т шалгагдаж байгаа. Үүгээр ч зогсохгүй АТГ-аас Ц.Сарантуяаг мөн “...үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил мэргэжлээ ажилласан, туршлагатай байх” гэж заасан байхад Ц.Сарантуяа нь дээрх шаардлагыг хангахгүй байх тул хууль тогтоомжид нийцүүлэн томилох нь зүйтэй” гэсэн бичиг ирүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, түүнийг мөн “дэд даргын албан тушаалд тэнцэхгүй” гэж АТГ-аас дүгнэсэн байгаа юм.

-Тэгэхээр удирдах албан тушаалтан болох Р.Галбадрах албан тушаалаасаа чөлөөлөгдөж, АТГ-т шалгуулж байгаа бол дэд дарга Ц.Сарантуяа, Ц.Батчимэг нар одоо ажлаа хийж байгаа хэрэг үү?

-Тийм ээ. Гэхдээ Р.Галбадрах дарга “би ямар ч буруугүй, намайг хууль бусаар ажлаас халсан” гэж А.Ариунзаяа сайдыг шүүхэд өгсөн юм байна лээ. Харин дэд дарга Ц.Сарантуяа сая дурдсан үндэслэлүүдээр АТГ-д шалгагдаж байгаа. Харин Ц.Батчимэгийг АТГ-аас шалгаагүй, одоо ч албан үүргээ гүйцэтгэж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн ажилтан Д.Бат-Эрдэнэ

-АТГ АЖЛАА ХИЙЖ, ҮНЭН МӨНИЙГ ТОГТООГООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА-

-Дэд дарга Ц.Батчимэг өнгөрсөн жил хүүхдийн гар гэмтээсэн гэж та хэллээ шүү дээ. Тухайн үед яг юу болсон юм бол. Хүүхдийн гэр бүлээс ямар нэгэн гомдол гаргаагүй хэрэг үү?

-Өнгөрсөн жилийн есдүгээр сард манай төвд хэвтэн эмчлүүлж байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзлэг хийхдээ унтаж байхад нь гарыг нь огцом татаж, гэмтээсэн байсан. Саажилттай хүүхдийн гарыг маш зөөлнөөр тэнийлгэх ёстой байдаг. Хүүхдийн ээж нь гомдол гаргасан боловч шийдэгдээгүй, гомдол сураггүй, алга болсон. Дараа нь утсаар “Таны гомдол шийдэгдсэн. Ц.Батчимэгийн цалингаас хасаж арга хэмжээ авсан” гэж мэдэгдсэн байсан.

-Та энэ төвийн нэг ажилтан. Ажилтан хүний нүдээр харахад танай удирдлагууд ажлаа хэр хийдэг юм бэ?

-Ер нь чадваргүй. Ажлаа муу хийдэг. Зарим нэг нь харилцааны соёлгүй, ажилчдыгаа айлгасан, дарамталсан өнгө аястай харьцдаг.

-Нэр дурдсан удирдлагуудыг АТГ шалгахгүй байгаа нь ямар шалтгаантай юм бол. Өөр ямар нэгэн шалгаан бий гэж харж байна уу?

-Ц.Батчимэгийг шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй, мөн Ц.Сарантуяагийн шалгалтын явц ямар түвшинд байгаа нь тодорхойгүй, одоог хүртэл хариу ирэхгүй байгаа. Үүнд бид эмнэлгийн портез туслах хэрэгслийн газрын дарга Т.Энхтүвшинг холбоотой гэж хардаж байгаа. Т.Энхтүвшин нь нэр дурдсан хоёр дэд даргатай нийлж, бүх хэргийн учир шалтгааныг гуйвуулж байж болзошгүй. Учир нь түүний төрсөн ах Т.Энхболд нь АТГ-ын ахлах комиссараар ажилладаг. Мөн ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хуулийн хэлтсийн дарга Д.Ренчиндорж нарыг үүний ард байж болзошгүй гэж хардаж байна.

Би өөрөө саажилттай хөгжлийн бэрхшээлтэй хүн. Энэ төвөөр үйлчлүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эцэг эхчүүд маань ажлаа мэдэхгүй сэтгэлгүй дарга нарын эрх мэдэл, албан тушаал олдог хэрэгсэл, золиос нь битгий байгаасай гэж хүсэж байна. Эцэст нь гэж хэлэхэд ХНХЯ-ны сайд А. Ариунзаяа манай төвийг анхааралдаа аваасай, АТГ ажлаа ялгаварлалгүй хийж, үнэн мөнийг тогтоогоосой гэж бид хүсэж байгаа юм.

-ЗАРИМ ДЭД ДАРГА АЖИЛЧДАА ДАРАМТАЛДАГ ТАЛААРХ ГОМДОЛ ИРЖ БАЙСАН ГЭВ-

Бид Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн ажилтан Д.Бат-Эрдэнийн өгсөн мэдээллийн дагуу юун түрүүнд дэд дарга Ц.Батчимэг мэргэжлийн бус алдаа гарган, хүүхдийн гарыг гэмтээсэн алдаа гаргаж байсан эсэхийг нягтлан, тодруулсан юм. Гарыг нь гэмтээсэн гэх хүүхдийн ээжтэй холбогдоход “Өнгөрсөн жилийн наймдугаар сарын сүүлээр билүү дээ ийм явдал болсон нь үнэн. Хүүхэд маань дөрвөн настай, хөгжлийн бэрхшээлтэй. Тухайн үед Ц.Батчимэг эмч тасгаар үзлэг хийж байтал хүүхэд маань унтаж байсан юм. Гэтэл хүүхдийн гарыг эвгүй татсан юм уу гэнэтхэн уйлж эхэлсэн. Тэр өдрөө уйлаад зогсохгүй болохоор нь бид Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн. Гэтэл “гар нь гэмтчихсэн байна. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж болохгүй” гэсэн. Тухайн үед бид сэргээх төвд хэвтээд гурав, дөрөв л хонож байсан. Тиймээс эмчилгээгээ хойшлуулахаас өөр аргагүй болсон” гэв.

Үргэлжлүүлэн бид Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын дарга Э.Тамиртай холбогдон дараах тодруулгыг авсан юм. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн удирдлага нь саяхан солигдсон. Гэхдээ дотор нь байгаа бүтэц, бүрэлдэхүүн нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Хуучин удирдлага нь АТГ-д шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа. Зарим дэд дарга ажилчдаа дарамталдаг эсэх талаар гомдол манай агентлагт ирж байгаагүй. Гэхдээ өөр газруудад очиж байсан юм байна лээ” гэсэн юм.  

 АТГ-аас ирүүлсэн тус албан бичигт Ц.Сарантуяа нь "удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх" гэсэн шаардлагыг хангахгүй байх тул хууль тогтоомжид нийцүүлэн томилох нь зүйтэй" гэжээ

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...