Хагархай дугуйтай хөөрч, Завханд газардсан “Аэро Монголиа” компанийн Embraer-145 онгоцыг засварлаж байна

Хагархай дугуйтай хөөрч, Завханд газардсан “Аэро Монголиа” компанийн Embraer-145 онгоцыг засварлаж байна

“Аэро Монголиа” компанийн Embraer-145 маркийн онгоц энэ долоо хоногийн Мягмар гараг /2021.11.16/-т баруун аймгуудын чиглэлд хөөрч, Завхан аймгийн “Доной” нисэх буудалд 16 цагийн орчимд газардах үед нь баруун дугуй нь хагарсан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин тус үйл явдлын дараа албаны хүмүүс “Чингис хаан” нисэх буудлын хөөрөх зурваст шалгалт хийхэд “нисэх зурвасын гадаргуугаас тус онгоцны дугуйны резиний хэсгүүд олдсон” талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

Энэ нь тус онгоц Завхан аймагт газардахаа л хагархай дугуйтай байсан байж болзошгүй байна.

Тэгвэл “Аэро Монголиа” компанийн Embraer-145 маркийн онгоц өнөөдөр /2021.11.19/-ийг хүртэл Завхан аймагт байгаа ажээ. Учир нь тус онгоц нисэх боломжгүй болсон тул Улаанбаатар хотоос “Аэро Монголиа” компанийн инженер, техникийн ажилчид очиж, тус онгоцонд нэлээдгүй засвар үйлчилгээг хийж байгаа ажээ. Энэ талаар тус онгоцоор зорчсон зарим иргэд, “Чингис хаан нисэх буудлаас хөөрөх үеэр л тас хийх чимээ гарсан. Ер нь яаж овоо осолдчихгүй шиг газардсан юм. Бурхан минь” гэсэн юм.